МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж 2013 оны 6-р сараас эхлэн албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус төвөөс оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх олон төсөл хөтөлбөрүүд санаачлан хэрэгжүүлсний нэг нь “Цагийн ажил” төсөл юм. Цагийн ажил 1.0 төслийн хүрээнд ажил хайж байгаа оюутан залуусыг ажил олгогч байгууллагуудад зуучлах, ажил олгогч байгууллагуудаас цагийн ажлын байрны захиалга цуглуулж нэгдсэн мэдээлэл цуглуулсан. Одоогийн байдлаар Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж дээр 800 гаруй байгууллага, хувь хүн ажлын байрны захиалга өгч, 40000 гаруй залуусын бүртгэлтэй болсон. Харин Цагийн ажил 2.0 төслийн хүрээнд хөдөлмөр зуучлалын үйлчилгээг ухаалаг нэгдсэн системд шилжүүлж, myjob.mn сайтыг ашиглалтад оруулсан. Мөн цагийн ажил хайгчдыг хариуцлагатай болгох зорилгоор цагийн ажилтны дэвтрийг гаргасан ба цагийн ажил хайгчдад зориулж долоо хоног бүрийн Пүрэв гарагт “Part time” чиглүүлэх сургалтыг зохион байгуулсаар байгаа юм байна.
Энэ хугацаанд Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж 49816 ажил хайгчийг цагийн ажилд зуучилсан, тэд 481.000.000 гаруй төгрөгийн цалин, урамшуулал авсан байна.
2017 оны 6-р сараас Цагийн ажил 4.0 төсөл хэрэгжиж эхлэх гэж байна. Төсөл үндсэн 2 зорилттой хэрэгжих юм. Цагийн ажилтны дэвтрийг арилжааны банкнуудтай хамтран карт болгож байгаа. Тус картаар цагийн ажилтад цалин, урамшууллаа авах, нийтийн тээврээр зорчих зэрэг боломжуудыг олгож байгаа юм. 2-рт ажил хайгч, арилжааны банкууд, Залуучуудын Хөдөлмөрийн биржийн хамтарсан дундын дансыг бий болгох гэж байгаа юм байна. Ингэснээр цагийн ажилтан цалин урамшууллаа авч чадахгүй байх эрсдэл үгүй болж байгаа юм байна.