Төрийн банкныхан татвар төлөгчдийн мөнгийг баруун солгойгүй цацаж байна. Энэ янзаараа бол удирдах албан тушаалтнуудын тансаглал хаа хүрч зогсохыг одоохондоо таашгүй.
Тус банкны ерөнхий захирлын ганцхан сарын цалин нь Монгол Улсад мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 75 нугалсантай тэнцэнэ. Яс тоо хэлбэл 18 сая төгрөг. Тэгэхээр жилд 216 сая төгрөгийн цалинтай гэсэн үг.
Сөхөрч унатлаа зүтгээд ийм цалин авах хүн Монголд хэр олон бол. Ерөнхийлөгчийн цалинг хараахан гүйцэхгүй ч гүйцэтгэх захирлууд жилд 180 сая. Сард 8-12 сая төгрөгийн цалин хүртдэг гурван орлогч байдаг аж.
Хамгийн бага цалинтай гэх бага тушаалын жижигхэн захирал сард 3 саяыг авдаг. Цалингаас илүү толгой эргэм зардал,хангамж Төрийн банкныханд юу ч биш болжээ.
Хэдхэн хоногийн өмнө цахим сүлжээгээр тус банкныхны цалингийн хэмжээ, хөл дүүжлэх унааны төсөв цацагдаж, ядуу ардын эсэргүүцэлтэй тулсан. Гэвч тэд үүнийг үл тоов. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр эрхэм ерөнхий захирал өрөөгөө тохижуулж, 14.7 сая төгрөгөөр буйдан авсан байна.
Түүнээс гадна гар утас, телевиз гээд өөрт хэрэгтэй гэсэн тоноглолдоо бас л хэдэн саяар мөнгө гаргасан гэнэ. Татвар төлөгчдийн мөнгөөр захирал болгон буйдан, гар утас авахуулаад байгааг бодоход бие биеэсээ өрсөж байна уу гэлтэй. Захирлууд шуналд автжээ.
Татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж дуусгаад харилцагчдыг хохироож эхлэхвий гэсэн айдас жирийн ажилтнуудын дунд байгаа гэлцэнэ.
Н.Намуун
luivarchid