Францын шинэ Ерөнхийлөгч тодорлоо. Төвийн үзэл баримтлалтай нэр дэвшигч Эммануэль Макрон ялалт байгуулж, тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тус улсын энэ удаагийн сонгууль дэлхий дахин попуудыг ялгаж, салгаж эхэлсэн гэдгийн бэлээхэн том жишээ болов. Макроны өрсөлдөгч хэт барууны үзэлтэн буюу популист Марин Ле Пений өөрийгөө хэт дөвийлгөх, ард түмний тархийг угаах ажиллагаа зэрэг нь олны сэтгэлийг татаагүйгээр барахгүй улс орныг цаашид удирдаад явах чинээний хүн биш гэсэн дүгнэлт хийсний баталгаа болсон.
Манай улсад ч мөн ирэх сард Төрийн тэргүүнээ сонгох сонгууль болно. МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшихээр болоод байгаа Н.Энхбаяр нарыг харьцуулахад Францад болж өнгөрсөн сонгуультай агаар нэг харагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, төвийн тулхтай том намын нэр дэвшигчийн эсрэг “эх оронч” гэх уриа лоозон маягийн үгэн дор үнэн төрхөө халхалсан “сэжигтэн” өрсөлдөж буй. Гэхдээ тэрбээр олон түмний тархийг хэрхэн угаахаа хэнээр ч хэлүүлэлтгүй мэддэг төдийгүй нэгийгээ хэрхэн гишгэлэх, өрсөлдөгчөө хэрхэн яаж харлуулах вэ гэдэг кампанит ажил өрнүүлчихээд байгаа нь Францын сонгуультай төстэй харагдаад байгаа юм. Гэхдээ эцсийн дүндээ ард түмэн хий хоосон уриатай, тархи угаагч гэж ямар хүмүүс байдгийг ялгаж салгадаг болсон гэдгийг Францын Ерөнхийлөгчийн сонгуулиас харж болохоор байлаа. Нэгийгээ хар муу аргаар нухчин дарах, өөрийгөө хэт дөвийлгөн мандуулах үзэл хоёрын аль нь хүчтэй нь улам ч сонирхол татаж эхэллээ. Зөвхөн Франчууд биш монголчууд ч популистуудын ааш аягийг хэдийнэ мэддэг, таньдаг болоод байгаа билээ.
О.Анир