Булган аймаг хавдрын өвчлөлөөр улсад дунджаас дээгүүр байрт ордог бөгөөд аймгийн хүн амын тоотой харьцуулбал эхний 3-4-т ордогоороо өвчлөл болон эрсдлийн хувьд анхаарал татах түвшинд хүрээд байгаа.
Тиймээс “Булган нэг үе” ТББ-ын санаачилгаар Булган аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар болон Хавдар судлалын үндэсний төв хамтран Булган аймгийн хүн амын дунд хавдар өвчнийг эрт илрүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Хавдаргүй Булган” хөтөлбөрийг эхлүүлээд байна.
“Хавдаргүй Булган” хөтөлбөр өнгөрсөн амралтын өдөр аймгийн төв талбайд нээлтээ хийлээ. Нээлтэнд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон аймгийн удирдлагууд, хөтөлбөрийг санаачлагч “Булган нэг үе” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүд, аймгийн иргэд оролцлоо.
Төслийн хүрээнд 14 хоногийн турш төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын хоёр баг Булган аймгийн 16 сум болон аймгийн төвд ажиллаж 25-аас дээш насны бүх иргэдэд элэгний хорт хавдрын үндсэн шалтгаан болохB, Cвирусын оношлогоо, элэгний хавдрыг эрт илрүүлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийх юм. Түүнчилэн иргэдэд элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээлэл, гарын авлага өгч, шаардлагатай тохиолдолд дараагийн шатны тусламж үйлчилгээнд хамруулах юм.
“Булган нэг үе” ТББ-ын тэргүүлэгчээр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажилладаг бөгөөд төслийг тус клубын Тэргүүлэгч гишүүн, Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын эмч, Булган аймгийн Булган сумын харъяат, Анагаах ухааны доктор Б. Эрдэнэбулган удирдан хэрэгжүүлэх юм.
Тус төслийг хэрэгжүүлэхэд шаардагдаж буй хөрөнгийг босгоход УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, аймгийн ЗДТГ, “Булган нэг үе” клубын УЗ-ийн гишүүд болох “Сэлэнгэ пресс” ХХК, “Булган Энержи” групп, “Сэдмон” ХХК, “Гэгээн хатад” салон, “Эх ачуут” констракшн ХХК, “Илчит металл” ХХК, Б.Пүрэв-Очир, “Хангүг трейд” ХХК, “Ачуутын овоо” ХХК, “Булган анар” ХХК-ийн захирал гэсэн Булган аймгаас гаралтай бизнес эрхэлдэг залуучууд дэмжин нутгаа гэсэн сэтгэлээр хамтран ажиллаж байна.
Тэр болгон хот хүрээ орж үзлэг оношилгоо хийлгээд байх зав чөлөө хомс, шинжилгээний үнэ өртөг ч өндөрт тооцогддог хавдрын шинжилгээг орон нутагт нь очиж хийж байгаа төслийн багийнханд нутгийн иргэд баярласан талархсанаа илэрхийлж байлаа. Төсөл эхлээд удаагүй ч эхний 4 сумд дээр нэлээд ачаалалтай ажиллаж байгаа байгаа эмч нарын баг хавдрын өвчлөл илрүүлэлт багагүй байгаа тухай мэдээ ирүүлсэн байна.