Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, нийслэлийн Тээврийн газрын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна.
Тус арга хэмжээний нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон бусад албаны хүмүүс оролцож мэдээлэл өглөө.
П.Баярхүү дарга өдөрлөгийн нээлт дээр хэлсэн үгэндээ “Өнөөдрийн өдөрлөг маань “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэл”-ийн жилийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааг сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсож, цаашдын ажилдаа тусгах зорилготой хийгдэж байгаа.
Энэ жил нийтийн тээвэр болон автозамын салбарт олон ажил хийхээр төлөвлөж, зарим ажил нь эхнээсээ хийгдээд явж байна. Өнөөдрийн үйл ажиллагаа бол та бүхний санал санаачилга, зөвлөмжийг сонсох нээлттэй өдөрлөг учраас идэвх санаачилгатай оролцохыг хүсье” хэмээлээ. Өнөөдрийн өдөрлөгт нийслэлийн харъяа газруудаас гадна “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Тэнүүн-Огоо” ХХК, “Эрдэм Транс” ХХК, “Сутайн буянт” ХХК, “Мяралзаа” ХХК, “Атибус” ХХК, “Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” зэрэг Нийслэлийн Тээврийн газрын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд, “Наранбулаг хан” ХХК, “Ялгуусан” ХХК, Улаанбаатар зам засвар арчлалтын газар зэрэг авто замын барилга, засвар үйлчилгээ эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцож, өөрсдийн бодлого, чиглэл үйл ажиллагаагаа сурталчлан танилцуулж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.