Дорноговь аймгийн нутгийн төв болон өмнөд хэсгээр өчигдөр хүчтэй шороон шуурга шуурлаа. Тус аймгийн УЦУОША-ны мэдээллээр Сайншанд, Айраг, Өргөн, Эрдэнэ, Хөвсгөл, Хатанбулаг сумын нутагт үзэгдэх орчин 50 метрээс дотогш орж, харанхуйлан шуурсан байна. Сайншанд болон Хөвсгөл суманд салхины хурд 27-29 мсек хүрчээ. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлж буйгаар хүчтэй салхи шуурганы улмаас Сайншанд сумын нэг, гуравдугаар багт айлын гэр нурсан. Зүүнбаян тосгоны спорт заалны дээвэр хууларч унасан. Өргөн сумын нутагт өндөр хүчдэлийн шугамын тулгуур багана унасан байна. Тус аймгийн ХХААГ-ын авто машины гараашийн дээвэр хууларчээ. Хатанбулаг, Сайхандулаан, Эрдэнэ, Улаанбадрах сумын зарим малчин малдаа яваад шуурганд төөрсөн тул сумаас эрж хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Цаг агаар тогтворгүй, хүчтэй салхи шуурч байгаа энэ үед Онцгой байдлын хэлтэс бэлэн байдалд ажиллаж байна. Өчигдөр 21.20 цагийн үед салхины хурд бага зэрэг буурч 10 м сек хүрчээ. Салхины хурд 18 м секундээс дээш гарсан үед гамшигт үзэгдэл гэж тооцдог байна. Дорноговь аймгийн нийт нутгийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр тавдугаар сарын 4-5-нд салхи секундэд 9-14 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурахыг малчид, иргэдэд онцгойлон анхааруулж байна.
Дорноговь аймагт айлын гэр нурж,малчид төөрчээ
2017 оны 05-р сарын 04 өдөр, 15 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )