Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний баярын өдөр, Үндэсний мэдээллийн Монцамэ агентлагаас орос хэлээр эрхлэн гаргадаг “Новости Монголии” сонины 75 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монцамэ агентлагийн “Новости Монголии” сонины хамт олонд иж бүрэн компьютер гардуулан өглөө. Уг арга хэмжээнд Нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа, Монцамэ агентлагийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ганчимэг болон тус агентлагийн хамт олон оролцов.
Энэ үеэр Нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр “Нийт сэтгүүлчиддээ дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн баярын мэнд хүргэе. 75 жилийн түүхтэй “Новости Монголии” сонин нь Монгол Улс тэр дундаа Улаанбаатар хотын түүх, хөгжилтэй салшгүй холбоотой билээ. Сүүлийн үед Улаанбаатар хотын талаар мэдээ мэдээллийг дэлхийн улс орнуудад түгээх ажлыг Монцамэ агентлагтай хамтарч хийсээр байгаа. Цаашид бидний хамтын ажиллагаа өргөжин гэдэгт найдаж байна. Сэтгүүлч хүний хувьд үзэг хамгийн хурц зэвсэг байдаг байсан бол одоо үед компьютер хамгийн гол зэвсэг нь болоод байна. Тиймээс сэтгүүлийн хамт олонд иж бүрэн компьютерыг бэлэглэж байна. Та бүхэндээ НИТХ-ын дарга болон нийслэлийн Засаг даргын нэрийн өмнөөс ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.
“Новости Монголии” сонин нь “Үнэн” нэртэйгээр 1942 оны 5 дугаар сарын 1-ний өдөр МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн төв хэвлэл “Үнэн” сонины дэргэд байгуулагдан гарч эхэлсэн түүхтэй. Тус сонины анхны эрхлэгчээр монголын нэрт эрдэмтэн, зохиолч, Төрийн шагналт, академич, профессор Бямбын Ринчин ажиллаж байв. Монгол орныг гадаадад сурталчлах үйлсэд “Новости Монголии” сонины гүйцэтгэсэн үүрэг нэн их юм. Энэхүү хүндэт үүргээ нэр төртэй биелүүлсэн гэж үнэлэгдэн 1972 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар “Алтан гадас” одонгооор шагнагдсан билээ. Дашрамд дурдахад, тус сонины редакцид Монголын тухайн үеийн нийгмийн шилдэг сэхээтнүүд болох гарамгай сэтгүүлч, нэрт орчуулагч, гадаад харилцааны мэргэжилтнүүд, дипломатууд ажиллаж байв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.