Эрүүл мэндийг хордуулж буй хийжүүлсэн ундааны үйлдвэрлэлийг хазаарлах юм биш үү

2017 оны 04-р сарын 27 өдөр, 17 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hii undaa

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар А.Ундраа нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат монгол хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаа хийжүүлсэн ундааг яах вэ гэдгийг асуудал болгов.

Тэрээр хэлэхдээ “Хуулийн төслийн 1.1 дүгээрт хүн амын эрүүл мэндийг хамгаалах гэсэн байна. Үүнтэй холбогдуулан нэг санал байна. Хүнс баяжуулалт болон хориглох хоол хүнсний хууль гэсэн нэртэй байж болох уу. ОХУ гэхэд генийн өөрчлөлттэй хоол хүнсийг импортоор оруулахыг хориглосон хуультай. Тэд дотоод нөөц бололцоогоороо хүнсний хэрэгцээгээ хангаж чадаж байна. Тэгвэл Монгол Улс дотоодын нөөц бололцоогоороо хүнсний бүтээгдэхүүнийхээ хэдэн хувийг хангаж чадаж байгаа вэ. Хувиргасан амьд организм, генийн өөрчлөлттэй хоол хүнсэнд хамаарч байгаа кола, спрайт, хийжүүлсэн ундаанд хязгаарлалт тавих болсон юм биш үү. Мөн Д витамины асуудлыг яаж шийдэж байгаа вэ” гэв.

Түүний асуулт жинхэнэ эх оронч асуулт байлаа. Харин түүний асуултад Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн хариулахдаа “ Хувиргасан амьд организм генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг манай оронд түгээмэл хэрэглэдэг. Гэхдээ эдгээр бүтээгдэхүүнийг бүгд эрүүл мэндэд хортой гэж ойлгож болохгүй” гэв. Уг бүтээгдэхүүнүүд био инженерчлэлийн аргаар гаргаж авсан хүнсний хомсдлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй гэж тэрээр онцлов.

Монголчууд яагаад генийн өөрчлөлттэй хүнс хэрэглэх ёстой вэ гэж түүнээс асуумаар байх юм. Түүний ярьж буйгаар хувиргасан амьд организм генийн өөрчлөлттэй хоол хүнсийг бүртгэх хүсэлтийг ХХААХҮ-ын яаманд хүргүүлээд нэлээд удаж байгаа аж. Тэр яамны нөхөд ажлаа хийдэггүй бололтой. Нэлээд удаж байгаа гэдэг нь хэр хугацаа юм бол,таашгүй. Генийн өөрчлөлттэй хоол хүнсийг хэзээ бүртгэж, хэзээ ард түмэнд хэлэхийг бүү мэд.

Хүнс хариуцсан яамныхан нэг л сайхан өдөр асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт найдаж байгаа юм байна. Хийжүүлсэн ундаа бол хүнд шаардлагатай хүнс биш гэдгийг хэдэн жилийн өмнөөс ярьсан. Бараг хүн болгон үүнийг мэддэг атлаа уугаад л “ам цангав” гээд залгилаад л байгаа. Хэсэг нөхөд ийм ундааны бизнесээр хөлжөөд баяжаад үйлдвэрлэлээ өдрөөс өдөрт нэмэгдүүлээд “ууцгаа” гээд л цэлэлзүүлээд байна. Үүнд санаа зовж яваа олныхоо төлөө гэсэн сэтгэлтэй А.Сүхбат гишүүндээ талархая. УИХ дээр энэ тухай дахин дахин ярьж, болж өгвөл хийжүүлсэн ундааны үйлдвэрүүдийн амыг барихыг бодоорой. Хүүхэд залуусаа хамгаалаарай. Дэлхийн улс орнууд энэ бүтээгдэхүүний татварыг нэмэх замаар асуудлыг шийдвэрлэсэн гэж байна. Эдийн засгийн хямралтай энэ үед чихэр агуулсан ундааны татварыг нэмэгдүүлэх саналыг Сангийн яаманд хүргүүлсэн гэж мэргэжилтэн ярьж байна. Хэзээ тэр татвараа нэмээд төсөвтөө 40 тэрбум төгрөгийн орлого оруулахыг өнөөдөртөө хэн ч хэлж дөнгөхгүй. Бага зардлаар их ашиг олдог чихэр, ундаа, жүүсний үйлдвэрлэл Монголд нэмэгдээд л байдаг. Тэгсэн атал хүнс ундааг Д амин дэмээр баяжуулах тухай ярих нь ховор байх шиг.

Энэ талаар А.Сүхбат гишүүн анхааралдаа авч байгаа гэдэгт найдаж байна.

Н.Намуун

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх