НИТХ-ын шийдвэрийн дагуу “Улаанбаатар Смарт Карт” ХХК нь 2014 оны аравдугаар сард албан ёсоор байгуулагдан Монгол Улсын мэдээллийн технологийн салбарт цоо шинэ үе шатыг эхлүүлэн ажиллаж байгаа томоохон компани юм.
Бид “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийг улсын төсөвт суулгахгүйгээр хувийн хэвшлийн санхүүжилтээр бүрэн шийдвэрлэж ирсэн билээ. Төслийн санхүүжүүлэгч нь Сөүл хотын өмчит “Кореа Смарт Карт Корпораци” буюу “Т моней” юм.
Тус корпораци нь энэхүү системийг анх 2004 онд Солонгос улсад нэвтрүүлсэн. Түүнээс хойш дэлхийн олон улс орон, томоохон хотуудад амжилттай хэрэгжүүлсэн дэлхийн шилдэг корпорациудын нэг билээ.
2015 оны нэгдүгээр сараас эхлэн Монгол, Солонгосын хамтарсан 10 гаруй судалгааны баг ажиллаж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ систем нэвтрүүлэх ажлын туршилт, бэлтгэлийг бүрэн хангаж, иргэд зорчигчид 2015 оны долдугаар сарын 24-нөөс албан ёсоор “U money” картаар зорчиж эхэлсэн юм.
Түүнээс хойших хоёр жил гаруйн хугацаанд төсөл амжилттай хэрэгжиж, энэ сарын 1-ний өдрөөс нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ 100 хувь цахим төлбөрийн системд шилжиж чадлаа. Энэ нь томоохон амжилт бөгөөд бид төслийнхөө үр дүнд сэтгэл хангалуун байгаа болно. Цаашид ч нийтийн тээврийн салбарт томоохон хөрөнгө оруулалт татаж, шинэ технологи нэвтрүүлэх зорилт тавьснаа эхлүүлээд ажиллаж байна.
Гэвч бидний ажиллаж ирсэн зам тийм ч дардан байсангүй. Улстөрийн шалтгаанаар, хувийн ашиг сонирхлоор “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйл ажиллагаанд саад болох оролдлогыг зарим улстөрч, албан тушаалтнууд хийсээр ирснийг энд зориуд тэмдэглэн хэлье. Үүний улмаас өнгөрсөн хугацаанд их ажлын хажуугаар олон удаа Монгол Улсын хууль, хяналтын бүхий л байгууллагад шалгуулж, үнэн мөнөө тогтоолгосоор ирсэн.
Гэтэл иймэрхүү байдал өнөөдөр ч үргэлжилж байгаад харамсаж байна. Хэн нэгэн этгээдийн хувийн, явцуу ашиг сонирхлын үүднээс гүтгэлэг, доромжлол, дарамт бидэн рүү чиглэж, улмаар тэрхүү хүслийг гүйцэлдүүлэхэд зарим нэр хүнд бүхий томоохон хэвлэл мэдээллийн байгууллага хүртэл татагдан оролцож, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хийсэн бүтээсэн бүхнийг харлуулан, баллуурдаж, гэмт хэрэг үйлдэж буй мэтээр гүтгэн доромжилж байгаад харамсахын зэрэгцээ туйлын их гомдолтой байгаагаа албан ёсоор илэрхийлж байна.
Нийтийн тээврийн салбар нь өөрөө том салбар бөгөөд олон талын хамтын ажиллагаан дээр үйл ажиллагаа нь явагдаж байдаг билээ. Буруу ташаа мэдээллээс болон манай компани төдийгүй нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж байгууллагууд, нийтийн тээврийн зорчигч үйлчлүүлэгчдийн эрх ашиг хөндөгдөж байна.
Энэ байдал даамжирч, Монгол Улсын бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж, шинэ технологи нэвтрүүлэн, нийслэлийн хөгжил, нийтийн тээврийн үйлчилгээнд томоохон үсрэлт хийсэн хөрөнгө оруулагчдад элдэв нэр хаяг өгч цоллох, гүтгэх, доромжлох, дарамтлах үйлдлүүдийг үзүүлэх нь хэрээс хэтэрлээ.
Нийтийн тээврийн төлбөрийн картыг хөгжүүлэн такси үйлчилгээ, авто зогсоол, тээврийн үйлчилгээ болон бусад төлбөр тооцоонд ашиглах боломжийг иргэдэд бий болгож өгөх зорилгоор хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан ч иймэрхүү байдлаар тогтвортой бус нөхцөл байдал үүсгэж байгаа нь цаашид өргөжүүлэхэд бэрхшээлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна.
Мөн хөрөнгө оруулагчдын урам хугарч, цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжгүйд хүрч, улмаар манай улсад оруулсан хөрөнгө оруулалтаа эргүүлэн татах ноцтой шийдвэр гаргаж болзошгүй түвшинд хүрлээ.
Мөн Улаанбаатар смарт карт ХХК нь өөрсдийн туршлага, нутагшуулсан техник технологийн нау-хауг бусад улс орнууд хотуудруу экспортлох мастер төлөвлөгөө боловсруулж байгаа боловч энэ боломжийг алдах нөхцөл байдал үүсэхвий гэдгээс болгоомжилж байна
Иймд бид сайн дураараа Монгол Улсын хууль, хяналтын байгууллагуудад хандаж, өөрсдийгөө шалгуулан дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасан. Мөн биднийг гүтгэж худал мэдээлэл түгээсэн хэвлэл мэдээллийн байгууллагыг шалгуулахаар гомдол гаргах болсныг албан ёсоор мэдэгдэж байна.
УЛААНБААТАР СМАРТ КАРТ ХХК