Байгаль хамгаалах чиглэлээр Швед улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2017 оны 04-р сарын 25 өдөр, 17 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
baigali

 БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Шведийн вант улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд Анна Линдстедийг хүлээн авч уулзлаа. Швед улс нь ногоон бодлогыг нэвтрүүлсэн туршлагатай цөөн орнуудын нэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тууштай зогсож, аялал жуулчлалын тогтвортой шийдвэр гаргадгаараа үлгэр жишээ. Уулзалтад Шведийн талаас Бээжин дэхь Шведийн ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга Якоб Холтхуйс, II нарийн бичгийн дарга Кристер Льюнгвал нар хүрэлцэн ирсэн юм.

Уулзалтын эхэнд Д.Оюунхорол сайд “Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байгаа орнуудын нэгд зүй ёсоор орж байгаа. Тиймээс манай яамны зүгээс Монгол Улсыг ногоон бодлоготой улс болгох чиглэлийг баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд бид Парисын хэлэлцээрт нэгдэн, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох ногоон төслүүдэд хамрагдах боломжтой болсон. Улаанбаатар хотын хувьд анх зураг төслийг нь 500 мянган хүн амтай байхаар боловсруулсан ч одоо 1.3 сая хүн амьдарч байна. Үүнээс болоод агаар, хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн. Энэ хүрээнд манай яамны зүгээс санал оруулан холбогдох тогтоолыг Засгийн газраар батлуулан ажиллаж байна. Уул уурхайгаас хараат эдийн засгаа солонгоруулах цаашлаад ногооруулах нь манай яамны эрхэм зорилго. Тиймээс бид бүхэн танай улсын туршлагаас судалж, та бүхэнтэй байгаль хамгаалах, аялал жуулчлалын салбарт харилцаагаа улам өргөжүүлэх хүсэлтэй байна” хэмээсэн юм.

Шведийн вант улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд Анна Линдстед түүнд өгсөн хариундаа “Танай яам нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрийнхөө хүрээнд тогтоол, шийдвэр боловсруулан маш сайн ажиллаж байна гэж дүгнэж байгаа. Ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлогыг эрхэм болгон ажиллаж байгаа танай яамныхантай хамтарч ажиллахад бэлэн байна. Би өөрөө Швед улсын Уур амьсгалын тусгай элчээр ажилладаг тул та бүхнийг холбогдох байгууллагуудтай холбож, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааг дэмжихдээ ямагт таатай байх болно” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх