Ардчилсан намын дарга С.Эрдэнэ 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж байгаа билээ. Хэдийгээр шахуу хөтөлбөртэй яваа ч зарим сумдаар хүртэл орж, шинэчлэлийн бодлого, Дотоод сонгуулийн үр дүнг батламжлах ажлаа үргэлжлүүлсээр явна. Өнгөрсөн долоо хоногт зүүн гурав, Говийн бүсийн аймгуудаар ажилласныхаа дараа тэрээр Багануур, Төв аймагт ажиллаад Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийг зорьжээ.
Түүний Багануур хотод ажиллаж байхдаа хэлсэн “Бид Ардчилсан нам гэсэн нэг л фракцтай болсон” гэсэн үг тус намын гишүүд, дэмжигчид болон олон нийтийн анхаарлыг татаж байна.
Учир нь, 2000 онд таван намын нэгдэл дээр босч ирсэн өдгөөгийн Ардчилсан нам шинэчлэгдсэнээр түүхэндээ анх удаа нэгдсэн цул хүчин болох алхам тавигдлаа гэж үзэх хүн олон байгаа юм. Түүнчлэн АН-ын Дотоод сонгуулиар нийт 17800 сонгуульт албан тушаалтныг нийт 152000 гишүүний саналаар тодруулсан учраас сонгуулийн үр дүн ямар нэгэн маргаангүйгээр батламжлагдаж байна. Энэ сонгуулиар багануурчууд Ч.Очирхүүг Багануур дүүргийн Ардчилсан намын даргаар сонгожээ. Нэгэн цагт Ардчиллын түүчээ болж, Ардчилсан хувьсгалыг хамгийн түрүүнд дэмжиж, МоАХ, МоАН-ын салбаруудыг амжилттай байгуулж байсан Багануурын Ардчилагчид сүүлийн жилүүдэд амжилт муутай яваа. Энэ нь намд олон жил салхи ороогүй, ротац явагдаагүйгээс боловсон хүчин, бодлогын хямралд орсноос үүдэлтэй гэдэгтэй багануурчууд санал нэг байв. Тиймээс Ардчилсан намын шинэчлэл, Дотоод сонгууль цаг үеэ олсон үйл явдал байсныг онцолж байв. Ер нь Ардчилсан намын даргын явсан газар, уулзсан хүмүүс “Намын шинэчлэлийн ажлаа зогсоож болохгүй шүү” гэж захьж байна. Ялангуяа Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн энэ нөхцөлд Ардчилсан намын 180 мянган гишүүнийхээ идэвхийг сэргээж, шинэчлэлийн зорилт бодлогоо танилцуулж, 21 аймгаа тойрч буйд талархал илэрхийлж байлаа.
-Ерөнхийлөгчийн сонгуульд мөнгөөр биш бодлогоор өрсөлдөнө-
С.Эрдэнэ дарга Багануур дүүргийн намын гишүүдэд хандаж “Бид 180 мянган гишүүнтэй хүчирхэг намын төлөөлөл. Нэгдсэн хүчирхэг нам гэдгээ Үндэсний хэмжээнд сонгууль зохион байгуулж харуулж чадсан. Бид Монголын улс төрийн намуудаас анх удаа гишүүдийнхээ цахим бүртгэлийг хийж чадлаа. Удахгүй гишүүдээ цахим үнэмлэхтэй болгоно. Бид бодлогын нам болно. 2020 онд Засгийн эрх авахын төлөө одооноос засаглалын бүтэцээ гаргана. Энэ намраас эхлэн боловсон хүчнээ бэлтгэж эхэлнэ. 2020 оныг хол гэж битгий хар. Бидэнд хоёр жилийн л хугацаа байна. Тийм учраас бид боловсон хүчний нөөцөө бий болгох ёстой. Мөнгөөр биш бодлогоор бид өрсөлдөх болно.
Мөн халуунд нь халж хүйтэнд нь хөрж тэмцэж явсан намын гишүүддээ анхаарах ёстой. Бид ил тод нээлттэй нам болно. Бидэнд том зорилго бий. Багануур дүүрэг цэнхэр тугаа намируулсан босоо дүүрэг байгаасай гэж хүсч байна. Үүний төлөө та бүхэнтэйгээ хамтарч ажиллана. Намын удирдлага гээд жилд нэг удаа мэндчилгээ дэвшүүлээд алга болчихдог удирдлага байхгүй ээ. Багануур дүүргийн Ардчилсан нам сүүлийн жилүүдэд дотоод хагарлаасаа болж, удаа дараагийн сонгуульд ялагдал хүлээсэн. Энэ зөвхөн ганц дүүргийн асуудал биш, олон аймаг, дүүрэгт ийм асуудал бий. Харин одоо бол өөр цаг ирсэн. Яагаад гэвэл шинээр сонгогдсон намын удирдлагууд нь аль нэг бүлэг, фракцын шахалтаар биш, бүх гишүүдийнхээ саналаар сонгогдсон учраас нэгэн зүг хамтдаа харж, ялалтад хүрнэ гэдэгт итгэж байна” гэв.
Мөн энэ үеэр Багануур дүүргийн Ардчилсан намаас ҮБХ гишүүд болон дүүргийн намын хорооны гишүүдийг батламжилж, сонгууль болон намын дотоод сонгуульд идэвхи зүтгэл гарган ажилласан гишүүдээ Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд шагнал “Лиш” одон, Ардилсан намын дээд шагнал “Эрх чөлөө”, “Ардчиллын ахмад зүтгэлтэн” одонгоор шагнасан юм.