Ардчилсан намын дарга С.Эрдэнэ бүх гишүүдийнхээ саналаар сонгогдсон удирдлагын бүтцээ батламжлах, намынхаа гишүүдтэй санал бодлоо солилцохоор 21 аймаг есөн дүүргээ тойрч байгаа билээ. Чингис хааний өлгий нутаг Хэнтий аймгаас эхэлсэн уулзалт Дорноговь аймагт үргэлжиллээ.
Дорноговь аймгийн Айраг сумын Ардчилсан нам 525 гишүүнтэй бөгөөд Орон нутгийн сонгуулиар 21 төлөөлөгчийн 16 суудлыг Ардчилсан нам авсан байна. Гэвч Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, сонголтоо хийсэн иргэдийн сонголтийг аймгийн удирдлагууд өнөөдрийг хүртэл баталгаажуулж өгөхгүй байгаа гэнэ. Эдгээр болон бусад асуудлаар гишүүд ийнхүү өгүүллээ.
Л.Лхагва: Дорноговь аймгийн иргэд шинэчлэлийг дэмжиж байна
Айраг сумын IV багийн иргэн, АН-ын хорооны гишүүн
-Ардчилсан намын шинэчлэлийг цаг үеэ олсон чухал ажил гэж харж байгаа. Учир нь манай намд шинэчлэл хийх зайлшгүй нөхцөл бүрдээд байсан. Хэрэв бид шинэчлэлээ зоригтой эхлүүлээгүй байсан бол 2020 оны сонгуульд мөн л ялагдал хүлээх байсан. Тиймээс намын гишүүний хувьд шинэчлэлийг нүдээ олсон ажил гэж харж байна. Шинэчлэлийн хүрээнд жирийн гишүүдийн дэмжлэг хамгийн их хүлээсэн нэг ажил бол намын данс шилэн болсон асуудал юм. Би өөрөө санхүүч хүн. Санхүүгийн холбогдолтой асуудал нууц байх тусмаа хардлага төрүүлдэг. Намын данс шилэн байснаар гишүүд бид намынхаа дансыг давхар хянах боломжтой болж байна.Өмнө нь хэн ч ийм нээлттэй ардчилсан үйл ажиллагаа явуулж байсангүй.
Ж.Батжаргал: Намынхаа төлөө ажиллах хүсэлтэй жирийн залуус бидэнд том боломж олдож байна
Айраг сумын IV багийн иргэн, АН-ын хорооны гишүүн
-Ардчилсан намд шинэчлэл хийгдсэнээр намын төлөө зүрх сэтгэлтэй, намынхаа төлөө ажиллах хүсэлтэй жирийн залуус бидэнд том боломж олдож байна. Шинэчлэлээс өмнө бид намын удирдлагуудад өөрсдийн санал бодлоо илэрхийлэх эрхгүй байсан. Харин одоо бол удирдлагууд бидний саналаар гарч байгаа учраас бидний дуу хоолой намд хэрэгтэй болж эхэлж байна. Манай намд өмнө нь мөнгөтэй, нэр төртэй хүмүүс л сонгогдох эрхтэй мэт байсан. Харин өнөөдөр бол боловсролтой, сэтгэлтэй залуучуудад намын үүд хаалга нээгдэж байгаад баяртай байна.