Сүлжээнд сайн дураараа молигодуулаад төрд гомдоно гэв үү

2017 оны 04-р сарын 14 өдөр, 14 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ji

Казахстанаас улбаатай “Жи тайм” гэх сүлжээ мөнгөжих гэсэн хүмүүсийг сэгсэрч орхив. Хохирсон хүмүүс дээшээ тэнгэр хол ,доошоо газар хатуугийн зовлон эдэлж шар махтайгаа хатаж явна. Аргаа ядахдаа хэвлэлийн хурал зарлаж, хэрхэн өрд орж,хоосорсон тухайгаа хоолой зангируулан ярив. Тэр ч байтугай төр засаг руу хүртэл давшлав.

“Нисэхгүй ээ,нисэхгүй гээд байхад нь хөлгийн бүхээгт чихэж оруулаад…” гэдэг шиг хүчээр мөнгийг нь булааж аваад “Жи тайм”-д элсүүлсэн юм шиг гомдоллох хүмүүс арай л биш ээ. Тэдний хэн нь ч албадлагаар сүлжээнд элсээгүй, бүгд л  сайн дураараа  мөнгөө өвөртлөөд тийш зүтгэсэн гэвэл худал болохгүй. Гэтэл өнөөдөр төрийн бодлогоор мөнгөө луйвардуулсан мэт аашлах нь том эндүүрснийг нь нотолно. Өнөөдрийн монголчууд хөгшин ч бай залуу ч бай мөнгөнд даанч дэндүү дуртай болжээ.

Тэгээд бүр маш амархан аргаар палхийтэл баяжих хүсэлтэй. “Жи тайм” сүлжээнд 2.5 сая төгрөг төлж ороод 22 сая болгож авах сайхан боломж өвлийн жавартай уралдан ам дамжин яригдаж эхэлсэн. Амархан баяжих гэсэн хүмүүс бусдыгаа ятгаж, ямар нэгэн аргаар мөнгө олоод элсчихвэл болох нь тэр хэмээн ухуулж байсан нь саяхан. Нэгэнт сүлжээ пирамид тогтолцоотой болохоор орой дээрх хүмүүс авдгаа авч цулайтал мөнгөжжээ. Дараагийн хүмүүс бүгд мөнгөтэй болох  мөрөөдөлтэй  байсан ч молиго үмхсэн аж.

Угаасаа луйвардах зорилготой байсан юм чинь ингэж төгсөх нь тодорхой байсныг тухайн үед мөнгөөр “өвчилсөн” хүмүүс мэдсэнгүй. Баян болохын тулд маш их хөдөлмөрлөх ёстой болохоос биш өр тавьж сүлжээнд элсээд бүтэхгүй гэдгийг зэрэглээтэй хөөцөлдсөн хүмүүс  дэндүү оройтож ойлгожээ. Хамгийн утгагүй нь, хэдэн саяар мөнгө тоолох гэсэн гэнэн хүмүүс “төр буруутай,миний хохирлыг барагдуулж өгөхгүй бол үхнэ энэ тэр гэж айлгаж” байгаа нь хэр зөв шийдвэр бол. Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр төр яагаад буруутай гэж.

Анх мөнгөө бариад гүйж очихдоо тэр луйварчингуудтайгаа олигтойхон ярилцахгүй яав даа,хохирогчид оо. Үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд байдаг гэдгийг бодох сөхөө байсангүй юу. Тэнгэр харж хэвтэж байгаад нэг сайхан өдөр мөнгөтэй болно хэмээн  мунхагласан  хэдэн мянган хүн хохирогч болчихоод байна.Өөрөө унасан хуухэд уйлдаггүй гэдэг гээд орхилтой биш. Эрхбиш хууль хяналтын байгууллага учрыг олж,залилагч нараар хохирлыг төлүүлнэ гэж найдах үлдэв.  Гэхдээ энэ луйвар том сургамж үлдээлээ.

Бусдын үгэнд автаж,ид шидэнд итгэхээ больцгооё. Ганцхан сүлжээ ч биш. Мөнгө дууддаг гэх  Б.Сарандаваагийн лекцэнд суугаад оройжин  түрийвчээрээ мөнгө даллаад овойтол баяжсан хүн байна уу. Монголоор дүүрэн бөө нар хэнгэрэг нүдэж хүмүүсийг мөнгөтэй болгох кампанит ажилд нэгдээд удав. Хэдэн мянган бөө нарт хөлсөө урсгаж олсон мөнгөө өгөөд мөнгөжсөн хүн хэд бол. Ер нь бид чинь бүхэл бүтэн амьдралаараа дэнчин тавьж сүлжээнд орж луйвардуулна, дараа нь амаа барьж харамсана. Төр засаг руу нулимна. Энэ биш ээ. Оюун ухааны хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг монголчууд ингэтлээ дордож яав ч болохгүй. Хүний амьдралын утга учир хэдэн халтар төгрөгөнд байдаг мэт бачуурах хэрэггүй. Юун хямдхан амь бэ, амиа хорлоно ч гэх шиг. Болиоч дээ, хүмүүс ээ. Ухаарах цаг болжээ.

Н.Дөлгөөнжин

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 5 сэтгэгдэлтэй
  1. зочин
     (202.9.43.6.***)
    2017/04/19 13:09

    Үнэн үнэн шунал ихэдвэл шулам гэдэг шүү дээ ямар ч эрүүл ухаанаар бодсон зүгээр сууж байгаад мөнгө олно гэж юу байх вэ дээ энд орж мөнгөө алдсан иргэд ямар нэгэн хэмжээгээр тархи нь цоо эрүүл улс биш

    (0) (0)
  2. Anonymous
     (112.72.11..***)
    2017/04/19 11:00

    манайх шиг төр засагтаа эрхэлсэн хүмүүс энэ тивд байхгүй шүү Юм л бол төр лүүгээ дайрана болохгүй ш дээ өөрсдөө сайн дураараа орчихоод ингэж болохгүй .Хойд солонгосын иргэн болгочихмоор хүмүүс байна очоод УНд зүтгэг хуаранжсан оронд байвал наадуулын чинь зав шунал хоёр арилах байх

    (0) (0)
  3. Зочин
     (103.9.90.5.***)
    2017/04/18 19:42

    Нийтлэгчтэй 1000 хувь санал нэг байна. Одоо бүр галзуурхана энэ хувийн шуналтангууд. Монголд дэлгэрээд байгаа сүлжээний компаниудыг тагнуул, цагдаа бүр сайн шалгамаар байгаа юм. Хүмүүс хохироод л байх юм Яасан хаширдаггүй юм бэ….Монгол Төр рүүгээ харааж давшлах ч нээх өөдтэй юм биш дээ. төрд муу, зуурдын хүмүүс олноор шургалсан нь үнэн л дээ. Гэхдээ монгол төрийн ноён нуруу хугараагүй байх л гэж боддог юм. Төрийн сүлд өршөөг…

    (0) (0)
  4. Anonymous
     (150.129.14.***)
    2017/04/15 13:47

    Хохь нь ээ

    (0) (0)
  5. Anonymous
     (78.160.85..***)
    2017/04/15 00:47

    Харин тийм, хэн ч албадаагүй, өөрсдөө л орчихоод дараа нь бусдыг буруутгадаг, энэ монголын гэм биш зан болжээ

    (0) (0)