Завхан аймгийн Идэр суманд өнгөрсөн сарын 27-нд өөрийгөө шатааж амь насаа хохироосон хэрэг гарсан. Тухайн хэргийн талаар бодит мэдээлэл өгөхөөр хэвлэлд хандаж буйгаа талийгаачийн нөхөр Ш.Батбаатар, төрсөн ах С.Эрдэнэцогт, нагац ах С.Доржсүрэн болон өмгөөлөгч Б.Батмөнх нар хэллээ. Энэ хэргийн талаар хэвлэлээр талийгаачийг их хэмжээний өртэй, гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэйгээр амиа хорлосон мэтээр мэдээлж байгаад ар гэрийнхний зүгээс харамсч буйгаа илэрхийллээ. Тиймээс ташаа мэдээлэл хэвлэлээр цацахгүй байхыг хүсч байгаа аж.
Талийгаач С.Тэгшжаргал нь өнгөрсөн сарын 14-нд ажлаас чөлөөлөгдөх тушаал авсан байдаг. Ингэхдээ хууль бус шийдвэр болсон хэмээн эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байсан тухай түүний нөхөр Ш.Батбаатар ярьсан юм. Түүнээс гадна их хэмжээний өртэй байсан гэдгийг үгүйсгэж байна. Тэрээр цалингийн зээлтэй байсан нь үнэн боловч төлж чадахгүй хэмжээнд өндөр байгаагүй гэнэ. Тиймээс амиа хорлох болсон шалтгаан нь өртэй холбоогүйгээр барахгүй гэр бүлийн хүчирхийлэл байдаггүй хэмээн нагац ах С.Доржсүрэн хэлж байна. Харин тухайн томилгоо ашиг сонирхлын зөрчилтэй, хэт намчирхаж асуудалд хандсан гэж үзэж байгаагаа төрсөн ах С.Эрдэнэцогт хэллээ. Одоогоор ар гэрийнхэн хуулийн байгууллагад хандахаар өмгөөлөгч авсан ажээ.
Эргэн сануулахад, Талийгаач нь ажлаас чөлөөлөгдөх тушаал авсны дараа сэтгэл санааны гүн хямралд орсон тухай ар гэрийнхэн хэлж байсан. Учир нь хууль бус томилгоо болж байна гэж үзэж байсан аж. Харин албаны эх сурвалж “Хуулийн дагуу шийдвэр гарч байгаа учраас талийгаач би ажлаа өгөх нь зөв юм байна гэж ярьж байсан” тухай хэлж байсан юм.
Талийгаач амиа егүүтгэхийн урд өдөр нь аймгийн төв орж шүүхийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах тухайгаа хүмүүстэй ярилцаж байгаад ирснийг түүний том охин Б.Мипан хэлсэн юм. Харин түүний төсөөлж байснаас арай өөр шийдвэр гарах магадлалтай гэдгийг сонссон талийгаач ийм сонголт хийсэн байж магадгүй хэмээн ах дүү нар нь хэлж байв.
Эх сурвалж: www.polit.mn
Хууль бус ажлаас халдагаа болимоор юм. Ямар ч алдаа дутагдал гаргаагүй мөрөөрөө ажлаа хийж байсан, олон жил тогтвор суурьшилтай ажиллаж байсан нөхрийг минь тэтгэвэрт гарсан, мэргэжилийн бус хүн авч солиод халчих юмаа. арай бишээ