“Монгол Улсын аюулгүй байдлын орчин-Батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болов

2017 оны 04-р сарын 11 өдөр, 15 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
batlan

“Монгол Улсын аюулгүй байдлын орчин-Батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний хурал ҮБХИС-ийн “Тэмүүжин Өрлөг” сургуулийн хурлын танхимд өнөөдөр болов.

Уг хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Батзориг болон БХЯ, ЗХЖШ, ГХЯ, БСШУЯ, ҮАБЗ-ийн харъяа Стратегийн судлалын хүрээлэн, ШУА, МУИС, ХСИС, ХУИС, Дипломатын академи, Үндэсний тагнуулын академи зэрэг олон байгууллагын төлөөлөл оролцлоо.

Аюулгүй байдлын орчин өөрчлөгдөж байгаатай холбогдуулан Монгол Улсын аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогод тулгамдаж байгаа асуудал болон түүнийг шийдвэрлэх арга замыг эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлж, хурлаас гарах үр дүн, санал, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны гарын авлага болгох үүднээс тус эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа юм байна.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Батлан хамгаалах бодлогын үндэс зэрэг бодлогын тулгуур баримт бичгүүд шинэчлэн батлагдсантай холбогдуулан улс орны аюулгүй байдлыг батлан хамгаалах эрх ашгийн үүднээс судалж, судалгааны үр дүнг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь тулгамдсан асуудлын нэг болоод байгааг хуралд оролцогчид тэмдэглэж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хурлын нээлтэд зориулж хэлсэн үгэндээ:

“Монгол Улсын аюулгүй байдлын орчин-Батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, эрдэмтэн, судлаачид Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн  санаачилгаар боловсруулсан “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг 2015 онд, “Монгол Улсын Батлан хамгаалах тухай хууль”, “Зэвсэгт хүчний тухай хууль”, “Цэргийн албаны тухай хууль”, “Цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль”-ийг 2016 онд Улсын Их Хурал шинэчлэн тус тус баталсан. Эдгээр хууль, тогтоомж нь Монгол Улсын аюулгүй байдлын орчныг бүрдүүлэхэд нэн ач холбогдолтой баримт бичгүүд болсон.

Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар батлан хамгаалах бодлогоор дамжуулж улсын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон төрлийн судалгаа, санал-санаачилга, мэдээллийг Та бүгд хэлэлцэнэ. Мөн олон улс, үүний дотор Ази,Номхон далайн бүс, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, Монгол Улсын аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, Монгол Улсын батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх арга замыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэлэлцэж, тодорхой үр дүнд хүрэх  чиглэл, арга замыг тодорхойлж  чадна гэдэгт итгэлтэй байна.

Та бүхний  үзэж танилцсан, анхаарлын гадна орхиж болохгүй нэгэн асуудал бол Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр “Их тэнгэр цогцолбор”-т Төрийн цэргийн байгууллын төлөөлөгч нарт хандаж хэлсэн үг, дэвшүүлсэн санал, санаачилга юм.

Аливаа эрдэм шинжилгээний бага хурал, онол практикийн хэлэлцүүлгүүд заавал үр дүн авч ирдэг, олон хүнд шинэ ойлголт, мэдлэг өгдөг байх нь чухал.  Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санал санаачилгын талаар, батлан хамгаалах бодлогын үндсийн үндэс болсон иргэнийг бэлтгэх талаар хөндөж хэлэлцэх нь зүйтэй.

Бидэнд дэлхийн, бүс нутгийн, улсын хэмжээний асуудлыг багцлаад хэлэлцэх мэдлэг, чадвар хангалттай байгаа боловч аймаг, орон нутаг, сум дүүрэг, багийн хэмжээнд аюулгүй байдлыг хэрхэн хангах, батлан хамгаалах бодлогыг хэрхэн өөриймшүүлэх талаар ахиц гаргах, тодорхой түвшинд хүргэх талаар хангалттай ажиллаж чадахгүй байна.

Хүнд ноцтой гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, элдэв халдварт өвчин, зам тээврийн осол гээд улсын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, батлан хамгаалах чадамжид хор уршиг учруулж болзошгүй олон асуудал ажиглагдах боллоо.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Батлан хамгаалах яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хамт олонд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий коммандлагч Ц.Элбэгдоржийн нэрийн өмнөөс талархлаа дэвшүүлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин үг хэлэхдээ “Монгол Улсын аюулгүй байдлын гадаад, дотоод орчин хурдацтай өөрчлөгдөж, аюулын мөн чанар, эх сурвалж олон талтай, ээдрээтэй болж байна. Дэлхийн дэг журмыг тодорхойлогч гүрнүүдийн харьцаа, хүчний тэнцвэрт томоохон өөрчлөлт гарч, улс төр, эдийн засаг, цэргийн салбар дахь өрсөлдөөн эрчимжихийн зэрэгцээ олон улсын хэмжээнд уламжлалт бус шинэ шинэ аюул занал бий болж байна.

Манай улсын дотоодод ч ихээхэн өөрчлөлт бий болж засаглалын чадавхийг боловсронгуй болгох, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн буй орчинтой холбоотой олон шинэ шинэ асуудал тулгамдаж байна.

Судлаачдын хувьд үндэсний аюулгүй байдлын хамгийн чухал асуудлын нэг болох нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд аюулгүй байдал, гадаад бодлогын салбарын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын чадавхийг бэхжүүлж, төрийн бодлого боловсруулахад тэдний оролцоог нэмэгдүүлнэ гэж заасан байдаг. Тийм учраас ҮБХИС, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, БХЯ-тай хамтран зохион байгуулж байгаа энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд ҮАБЗ ихээхэн ач холбогдол өгч байна” гэв.

Уг хурлаар “Олон улсын геополитикийн шинэ нөхцөл байдал Монгол Улсад хамаарах нь”, “Үндэсний аюулгүй байдлыг хангах асуудалтай батлан хамгаалах бодлогыг уялдуулах онол, арга зүй”, “Аюулгүй байдлын шинэ нөхцөл ба Монгол Улсын батлан хамгаалах бодлогын шинэчлэл” зэрэг олон сэдвээр илтгэл сонслоо.




Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх