Ардчилсан намын дотоод сонгууль энэ сарын 2нд болж өндөрлөсөн. Уг сонгуулиар аймаг, сум, дүүргийн намын хорооны дарга, гишүүн, ҮБХ-ны гишүүдийг сонгосон. Ийнхүү бүх гишүүдээсээ сонгогдсон удирдлагын бүрэлдэхүүнээ батламжлах ажлыг Ардчилсан анмын дарга С. Эрдэнэ эхлүүллээ. Тэрээр өнөөдөр Хэнтий аймгийн аймгийн АН-ын гишүүдтэйгээ уулзаж, шинээр сонгогдсон даргыг нь батламжлахын зэрэгцээ шинэчлэлийн бодлогоо танилцууллаа.
Одоогоос хоёр сарын өмнө С.Эрдэнэ дарга намын даргын сунгаанд явахдаа “Намын дарга болоод эргэж ирнэ” хэмээн Хэнтийчүүдэд амлаж байсан. Ийнхүү тэрээр хэлсэн үгээ биелүүлж Хэнтий аймгийн гишүүд дэмжигчидтэйгээ дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлж байв. Түүнчлэн “Ардчилсан нам түүхэндээ анх удаа бүх гишүүдийнхээ саналаар намын даргаа сонголоо. Намын бүх гишүүдийнхээ оролцоотойгоор ардчилсан зарчмаар дотоод сонгуулиа амжилттай явуулж чадлаа. Бид шинэчлэлийн салхийг эхлүүлснээр өнөөдөр бүх шатандаа шинэчлэгдэж , элдэв фракц, улс төрийн бүлэглэлийн савраас бүрэн чөлөөлөгдөж байна. Бид өнөөдөр бодлогын, шинэчлэлийн нам болсон. Ардчилсан нам өнөөдөр санхүүгийн ил тод байдалд бүрэн шилжсэн гэдгийг хэлхэд таатай байна. Ардчилсан нам Ардчилсан eрөнхийлөгчийн буухиаг таслах ёсгүй, бид үргэлжлүүлэх хэрэгтэй. Тиймээс eрөнхийлөгчийн сонгуульд намын гишүүд эв эeийг эрхэмлэж оролцох ёстой.” гэв.
Үүний дараа Хэнтий аймгийн Ардчилсан намын дарга Ш.Батдэлгэр намынхаа гишүүдэд хандаж “Монгол оронд олон намын тогтолцоо үүсч Ардчилсан нам байгуулагдсны 27 жилийн ойн мэндийг хүргэе. Монгол улсад Ардчилал эрх чөлөөг түүчээлэн авчирсан Ардчилсан намын хувьд өнгөрсөн саруудад намын бодлого шинэчлэлийн талаар томоохон алхам хийсэн түүхэн үйл явдал боллоо. Хамгийн олон өрсөлдөгчтэйгөөр намынхаа бүх гишүүдийн саналаар сонгогдсон намын дарга С.Эрдэнэ 21 аймгаар тойрох уулзалтаа Хэнтий аймгаас эхэлж байгаад талархаж байна. Долоо хоногийн өмнө аймаг, намын удирдлага, анхан шатны удирдлагуудаа сонгох сонгууль амжилттай болж өндөрлөлөө. Надад итгэл хүлээлгэж Хэнтий аймгийн намын даргаар сонгосон нийт Хэнтийчүүддээ баярлаж байгаагаа хэлэх нь зөв болов уу. Хэнтий нутгийнхаа хөгжлийн төлөө нэг баг болон зүтгэх ҮБХ-ны гишүүд аймгийн намын хорооны гишүүд та бүхэндээ амжилт хүсье.” хэмээсэн юм.
Хурлын дараа ҮБХ-ын болон орон нутгийн сонгуульд амжилттай ажилласан намын дарга нарт баяр хүргэж “Батламж” гардуулсан юм. Эдгээр намын дарга нар өөрсдийн багаа амжилттай удирдаж ялалт байгуулсан учир дотоод сонгуульд өрсөлдөөгүй шууд намын даргаараа улиран ажиллахаар болж байгаа аж. Мөн намынхаа шинэчлэлийн төлөө дотоод сонгуульд гар бие оролцож идэвхи зүтгэлтэй ажилласан гишүүдээ Ардчилсан намын дээд шагнал Эрх чөлөөний одон, Лиш одон зэргээр шагнаж урамшуулсан юм.