Мэдэгдэл

2017 оны 04-р сарын 06 өдөр, 09 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
erdenet uildver

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн сүлжээ болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, Ерөнхий захирал түүний зөвлөхүүдийн цалин хөлс, урамшууллын талаар ор үндэсгүй ташаа мэдээллүүд нийтлэгдэх боллоо. Тухайлбал, төв болон орон нутгийн цахим сайтуудад Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын цалин 25 сая төгрөг, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон Ерөнхий захирлын зөвлөхүүд сар тутам 10 сая төгрөгийн цалин урамшуулал авдаг гэсэн байна.
Монгол улсын Компанийн тухай хуулийн дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурлаас Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалин урамшууллыг тогтоодог бөгөөд өнөөдрийг хүртэл энэ талаар аливаа нэг шийдвэр гараагүй байгаа юм. Өнөөдрийн байдлаар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд Эрдэнэт үйлдвэрээс нэг ч төгрөгийн цалин урамшуулал аваагүй, Төлөөлөн удирдах зөвлөлөөс тус үйлдвэрийн Ерөнхий захиралтай байгуулах гэрээ эцсийн байдлаар батлагдаагүй, түүний цалин урамшуулал тодорхой болоогүй байгаа юм. Ерөнхий захиралд 10 сая төгрөгийн цалинтай зөвлөх огт байхгүй.
Дээрх үндэслэлгүй мэдээллүүд нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, Ерөнхий захирлын нэр хүндэд санаатай, зохион байгуулалттайгаар халдаж буй үйлдэл болж байна. Мөн мэдээллийн үнэн зөв, бодитой байдлыг хангаагүй, эх сурвалж нь тодорхой бусаар гүтгэлэг таамгийн хэлбэрээр олон нийтэд түгээж буй нь Монгол улсын Эрүүгийн болон Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж байна. Дээрх худал ташаа мэдээлэл, гүтгэлэг нь Монгол орны эдийн засгийн гол хөшүүрэг болсон Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэвийн, тогтвортой үйл ажиллагааг доголдуулах, улмаар улс орны цаашдын хөгжил, эдийн засгийн байдалд муугаар  нөлөөлж болохуйц сөрөг хандлагатай гэж бид үзэж байна.
Иймд дээр дурьдсанчлан худал ташаа мэдээллийг түгээн нийтэлж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд энэхүү бусармаг үйл ажиллагаагаа зогсоож, тус үйлдвэрийн бүтээлч хамт олны өмнө залруулга хийхгүй бол Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зүгээс хуулийн байгууллагад хандах болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

             Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Олон нийттэй харилцах алба

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх