Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид “Нэг өрх-нэг ажлын байр” аянд нэгдэж, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай нэг өрхийг сонгон жилийн турш амьжиргаанд нь дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Цагдаагийн газраас Арвайхээр сумын наймдугаар багийн иргэн Б.Төрбатын гэр бүлийг сонгон авч, туслалцаа, дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Эхний ээлжинд Б.Төрбатын гэр бүлтэй уулзан, гэргий Б.Ганчимэгт “Төсөл боловсруулах аргачлал” номыг бэлэглэжээ. Цаашид материаллаг эд зүйлээр тусламж үзүүлэх бус оюуны хөрөнгө оруулалт хийх, ажлын байраар хангахыг зорьж байна гэлээ.
Мөн энэ ажлын хүрээнд Замын цагдаагийн тасгаас Б.Төрбатыг жолооны “А” үнэмлэх олгох сургалтад үнэ төлбөргүйгээр хамруулахаар болжээ.
Өвөрхангай аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай 2020” хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Нэг өрх-нэг ажлын байр” аяныг төрийн болон төрийн өмчит, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоотой өрнүүлж буй юм байна.