Ардчилсан намын Дотоод сонгуулийн сурталчилгааны ажил гуравдугаар сарын 31-ний өдрийн 00:00 цагаар дуусгавар боллоо. Сонгуулийн сурталчилгааны хаалт Баянгол дүүрэгт болж, Нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөж буй Д.Баттулга, Ш.Түвдэндорж болон Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшигчид Баянгол дүүргийн намын гишүүдтэйгээ уулзсан юм.
Дэд бүтэц, бүтээн байгуулалт гээд олон давуу талаараа нийслэлд жишиг дүүрэгт зүй ёсоор тооцогддог Баянгол дүүргийн Ардчилсан намын гишүүд Нийслэлийн намын даргад нэр дэвшигчдийг шинэчлэлийн хоёрдугаар аянд ийнхүү гар бие оролцож байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.
Харин нэр дэвшигчид нам сонгуульд ялагдсан шалтгаан мөн хэрхэн ажиллавал 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны УИХ-ын сонгуульдялалт байгуулах талаар өөрсдийн үзэл бодлоо хэлж гишүүдээсээ санал сэтгэгдлийг нь сонсон юм.
Ардчилсан нам байгуулагдахад анхаас нь эхлэн хүчин зүтгэсэн хүмүүсийхээ хувиар тэд өнөөдрийн залуучуудад ийм нийгэм, энэ ардчилал ямар их үнэ цэнээр олдсон тухай, ардчиллын үнэт зүйл мөн чанарыг зөвөөр таниулах мөн энэхүү үйлсд хүчин зүтгүүлэх хүсэлтэй байгаагаа ч илэрхийлж байлаа.
Мөн энэ үеэр нийслэлийн намын хорооны гишүүнд нэр дэвшиж байгаа 30-н хүн дүүргийхээ иргэдтэй уулзаж мөн санал сэтгэгдэлийг нь сонслоо.
Ийнхүү нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн гишүүдтэйгээ хийх уулзалт өндөрлөж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 2-ны өдөр нийслэлийн 26700 гаруй гишүүн сонголтоо хийснээр нийслэлийн АН-н дарга хэн болох нь тодорхой болох юм.