Мисс Б.Гантогоогийн хүчин чармайлтаар Монгол бүсгүй “Азийн Оскар”-т уригдаж, улаан хивснээ алхлаа

2017 оны 03-р сарын 24 өдөр, 14 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Gantogoo
“Номхон далайн ус эргэн дотроо багтдаг шиг

Нойтон сормууст азийнхан цээжин дотроо уйлдаг

Дурлаж хайрлавч дотроо, уруул давахгүй эрхэмсэг

Дуулж, инээж, жаргахдаа ч бас дотроон…

Цац суварган Таж Махал шүншгээ дотроо нуудаг

Сайхан дорнын бүсгүйчүүл хувцсан дотроо явдаг…” хэмээх найрагчийн үгийг санагдуулам нэгэн үйл явдал саяхан болж өнгөрөв. Хамаг сайхан нь хувцсан дотроо явдаг халх хүүхнүүд хувцас хэмээх “бурхан”-ыг өмсөөд Азийн тайзан дээр алхаж гэмээнэ эрхэмсэг ялдам гоо сайхан цогцлоод ирэх нь дамжиггүй.

2017 оны 3-р сарын 21-нд “Asian film awards 2017” Хонг Конгын Соёлын төвд улаан хивсны ёслолоор эхэлсэн бөгөөд “Азийн Оскар” гэгддэг энэхүү наадамд Монгол улсаас анх удаагаа урилгаар оролцож байгаа нь бахархууштай.  Уг наадамд Монгол улсаас анхлан оролцож,  улаан хивснээ алхсан хүн бол мисс Б.Гантогоо, фото модель Б.Гүнзаяа нар юм. Б.Гүнзаяа нь “Miss intercontinental”, “Photo model of the world 2016”, “Miss leisure world 2016”, “Miss city tourism 2017” зэрэг тэмцээнүүдэд оролцож, Монголчуудын гаргаж байсан амжилтыг шинэчилж, тэргүүн болон дэд байрын эзэн болсон тул “ASIAN FILM AWARDS”-тай хамтран ажиллах санал авчээ.

Энэхүү саналыг авахад Мисс Б.Гантогоо тэргүүтэй “Мисс Монгол аялал жуулчлал” холбоо голлох үүрэг гүйцэтгэсэн байна. Саяхан болж өнгөрсөн улаан хивсний ёслолын үеэр мисс Б.Гантогоо“Мисс Монгол аялал жуулчлал” холбоог төлөөлөн FILM AWARDS TV-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Ингэснээр Монголын кино салбарт маш том боломжууд нээгдэж байгаа юм.

Энэ бүх хүчин чармайлт бол гадаад харилцаа сайтай, англи, япон, солонгос хэлтэй, юм үзэж нүд тайлсан, ямар нэгэн хувийн амбийц байхгүй, тэр ч утгаараа бусдын сайн сайхныг олж хараад амжилтанд хүргэж ирсэн мисс Б.Гантогоотой салшгүй холбоотой. Өмнө нь мисс Б.Гантогоо Монголынхоо маш олон охид, бүсгүйчүүдийг Олон улсын мисс болон моделийн тэмцээнд зуучилж, нэг ёсондоо энэ талын “гүүр” болж ирсэн гавъяатай. Ойрын жишээ гэхэд л мисс И.Төгсөө, Ю.Балжидмаа нарыг гадаадын нэр хүндтэй тэмцээнд явуулж байлаа.

Ер нь манай орчин цагийн мисс бүсгүйчүүдээс гадаад ертөнцөд хамгийн их амжилт гаргаж, зохион байгуулсан ажил үйлсээрээ хамгйин их нэрд гарсан нь Баярхүүгийн Гантогоо гэдэгтйэ хэн ч маргахгүй. Яагаад гэвэл манай мисс бүсгүйчүүдийн дийлэнх нь тайзан дээр анх мисс болсноосоо хойш чимээ аниргүй байж байгаад мартагдах тийшээ хандаж байгаа. Харин мисс Б.Гантогоо бол 20005 онд мисс болсноосоо хойш өнөөг хүртэл дотоод, гадаад ертөнцөд алдар нэрээ дуурсгаж яваа бүсгүй.

Тэр зөвхөн мисс гэлтгүй гадаадын нэр хүндтэй тайзан дээр загвар өмсөж, Монгол үндэсний хувцасаа дэлхийн топ хувцас болгож чадсан хүн. Сүүлийн жилүүдэд тэрбээр дэлхийн 20 гаруй оронд зохиогдсон тэмцээн уралдаанд амжилттай оролцож, Монгол үндэснийхээ хувцасыг удаа дараа шилдгээр шалгаруулж иржээ. Боловсролын хувьд бол Б.Гантогоо үеийнхээ мисс, топуудаас толгой илүү.

Багаасаа Солонгос, Японд амьдарч, эдгээр улсын хэл ус, ёс заншлыг сайн мэдэхийн зэрэгцээ Солонгосын Гёнсу ахлах сургуульд аравдугар ангиа дүүргэж, Японы нисэх хүчний академид эрдэм мэдлэг, энгүй сайхан төрхөөрөө шилэгдэн орж, тус академийг 24 настайдаа дүүргэж, мөн дэлхийд алдартай загвар зохион бүтээгч Андрей Кимийн нэрэмжит “Model center academy”-ийг төгссөн анхны монгол бүсгүй.

Олон улсын тэмцээнд Б.Гантогоо шиг одтой, азтай, амжилттай оролцсон Монголын сайхан бүсгүй цөөхөн. Гадаад хэлээрээ бусад миссүүдээс илүүрхэж, гадаад харилцаа нь бусдаас хавьгүй илүү байдаг болохоор монгол бүсгүйчүүдийн гоо сайхныг гадаадад таниулахад гүүр болж чадсан болов уу. Энэ ч утгаараа 2010 онд мисс Б.Гантогоо “Мисс моторс интернейшнл”-д шүүгчээр оролцож байлаа.

Мөн “Дэлхийн топ модель”-оор өргөмжлөгдөж, монгол үндэсний хувцсаа дэлхийн шилдгээр шалгарахад голлох үүрэг гүйцэтгэсэн. Түүний дасгалжуулж, зуучилсан монгол охид Тайланд, Хонконг, Хятад, Солонгос гээд Азийн орнуудад монгол үндэснийхээ өв соёлыг сурталчилж байна. Мөн энэ бүсгүй 2011 онд байгаль орчноо хамгаалах “Ногоон торгон тууз” түүчээ аяныг зохион байгуулж, хүүхэд багачуудад эх дэлхий, байгаль орчноо хамгаалах эко хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн сацуу “Ухаан далай номоос эхтэй” хэмээх аяныг зохион байгуулж, хүүхэд, залуусын оюуны боловсролд зохих ёсны хөрөнгө оруулалт хийж байлаа.

Сайхан царай зүс, нэр алдар гэдэг ийм л хүчтэй. Гэвч манай үе үеийн миссүүд сайхан царай зүс, нэр алдараа ашиглаад хүмүүнлэгийн үйлст Б.Гантогоо шиг ингэж зүтгэж ирсэнгүй ээ. Ер нь Б.Гантогоо яг л дэлхийн миссүүд лугаа хүмүүнлэгийн үйлст гар бие, сэтгэл оюунаа чилээж ирсэн байх бөгөөд сайхан бүсгүйн хөл гаслангуй модонд хүрэхэд салаа мөчир бүхэн нь цэцэглэн ургадаг гэдэг шиг сайхан төрөхийн зэрэгцээ бусдыг сайн сайхан руу хөтлөн оруулж буй Б.Гантогоо нарын бүсгүйчүүд байсаар байгаа цагт Монголын охид, бүсгүйчүүд үргэлж гэрэл гэгээтэй, бадрангуй, өнгө үзэсгэлэн төгөлдөр байх нь тодорхой.

Т.Хэрлэн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. permer
     (202.70.46..***)
    2017/03/27 10:53

    Amjilt

    (0) (0)