Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж ҮБХИС, Тэмүүжин Өрлөг сургууль, Цэргийн төв эмнэлэгт ажиллав

2017 оны 03-р сарын 17 өдөр, 18 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
600x600 (1)

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн босгон дээр буюу өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургууль /ҮБХИС/, Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургууль, Цэргийн төв эмнэлэгт тус тус ажиллав.

Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр,  УИХ-ын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа, ҮБХИС-ийн захирал хошууч генерал Я.Чойжамц, Цэргийн төв эмнэлгийн дарга, ерөнхий эмч, хурандаа С.Батболд, Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургуулийн захирал хошууч В.Дашпунцаг нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийг ҮБХИС-д хүрэлцэн ирэхэд хүндэт харуул жагсаж, Төрийн дуулал эгшиглүүлэн Төрийн хүндэт харуулын дарга Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид илтгэл өгөв. Үүний дараа ҮБХИС-ийн захирал хошууч генерал Я.Чойжамц, Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургуулийн захирал хошууч В.Дашпунцаг нар  сургуулийнхаа үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургууль нь 1921 онд Ардын цэргийн даргын сургууль нэртэйгээр байгуулагджээ. Түүхийнхээ хугацаанд олон мянган боловсон хүчин бэлтгэн гаргасны дотор Монгол Улсын баатар, төр, цэрэг, нийгмийн зүтгэлтэн олон арван алдартныг төрүүлсэн байна. ҮБХИС өнөөдөр зэвсэгт хүчин, аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагууд, иргэний байгууллагуудад хүний нөөц бэлтгэх, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, иргэний салбарт суурь болон хавсрага судалгаа явуулдаг цогц их сургууль болж үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжиж байгааг танилцууллаа. Тус сургууль саяхан Үндэсний их сургууль гэсэн тодотголтой болсон бөгөөд бүрэлдэхүүнд нь Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Батлан хамгаалахын удирдлагын академи, Цэргийн нэгдсэн сургууль, Аюулгүй байдлын сургууль, Цэргийн хөгжмийн сургууль, Ахлагчийн сургууль, Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургууль багтаж байна.

Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургууль 2010 онд байгуулагдсан бөгөөд 300 гаруй сурагч бүрэн дунд боловсролын зэрэгцээ цэргийн эрдэмд шамдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг тохиолдуулан нийт бие бүрэлдэхүүнд хандан үг хэллээ.

Үүний дараа тэрээр Цэргийн төв эмнэлэгт хүрэлцэн ирлээ. Цэргийн төв эмнэлгийн нийт бие бүрэлдэхүүн байлдааны тугийн дор жагсч, эмнэлгийн дарга, ерөнхий эмч, хурандаа С.Батболд илтгэл өгч, байгууллагынхаа талаар танилцуулав.

Цэргийн төв эмнэлэг 1921 онд байгуулагдаж цэргийн албан хаагчдад төдийгүй ард иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж ирсэн байна. Мөн 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд Монгол Ардын цэргийн бүрэлдэхүүнд оролцож үүргээ амжилттай биелүүлжээ. Өдгөө тус эмнэлэг цэрэг, цагдаа, төрийн тусгай албан хаагчид, тэдний гэр бүл, ахмад дайчид, нийслэлийн Баянзүрх, Налайх, Багахангай дүүргийн иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, эмнэлгийн тусламж үзүүлж байна. Мөн НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд давхардсан тоогоор 350 гаруй эмч, эмнэлгийн ажилтан оролцон үүрэг гүйцэтгэж иржээ. Галт зэвсэгт шархадсан, химийн болон ахуйн хорт бодист хордсон иргэдэд тус эмнэлэг эмнэлгийн яаралтай туслалцаа  үзүүлдэг юм байна. Мөн энэ 2017 оноос 50 ортой хүүхдийн эмнэлэгтэй болжээ. ОХУ, БНХАУ, Энэтхэг, Япон, БНСУ, ХБНГУ зэрэг оронтой хамтран ажиллаж эмч нарынхаа мэргэжлийг дээшлүүлдэг юм байна. Энэ онд эмнэлгийн цоо шинэ цогцолборыг хүлээн авч ашиглаж эхэлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж энэ үеэр Цэргийн төв эмнэлэг наад зах нь яаралтай гамшиг, газар хөдлөлт, халдварт өвчний үед 10 мянган ор дэлгэн иргэдэд үйлчлэх хэмжээний чадвартай болох, төсөл боловсруулан АНУ, ОХУ, БНХАУ, ялангуяа ХБНГУ зэрэг гаднын орнуудтай хамтарч орчин үеийн, өндөр ур чадвартай эмнэлэг болох нь чухал байгааг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж дагалдан яваа бүрэлдэхүүний хамт тус эмнэлэгт ашиглаж байгаа орчин үеийн багаж, тоног төхөөрөөмж болон шүд, эрүү нүүрний кабинет, рентген, MRI, CT, хагалгаа, дотрын тасгийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Мөн Бүгд Найрамдах Судан Улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний цэргийн хээрийн II шатлалын эмнэлгийн цэргийн багийн захирагч, дэд хурандаа Наранхүү бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс теле мостоор харилцаж цагийн байдал харьцангуй тогтвортой, бие бүрэлдэхүүний биеийн байдал сайн, хангамж хамгаалалт хэвийн үүрэг гүйцэтгэж байгааг илтгэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж тэдэнд баярын мэнд дэвшүүлж, баяр хүргэлээ.

Үүгээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн ҮБХИС, Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургууль, Цэргийн төв эмнэлэгт ажилласан үйл ажиллагаа өндөрлөв.





Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. baba
     (103.57.93..***)
    2017/03/17 22:00

    ӨНӨӨ ГОМО МӨНХӨӨ ЧИНЬ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЗАРГАЛДАНА Л ГЭНЭ ШҮҮ

    (0) (0)