УИХ-ын гишүүд ХБНГУ-д айлчиллаа

2017 оны 03-р сарын 15 өдөр, 16 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gishuud german

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва тэргүүтэй Улсын Их Хурлын төлөөлөгчид ХБНГУ-ын Бундестагийн урилгаар 2017 оны 3 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд ХБНГУ-д албан ёсны айлчлал хийлээ.

Монголын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Д.Гантулга, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Б.Ундармаа, Д.Мурат нар багтаж ажиллав.

 Улсын Их Хурлын гишүүд айлчлалынхаа хүрээнд Бундестагийн дэд ерөнхийлөгч хатагтай М.Нолл, Бундестагийн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга ноён В.Хэлльмих, Бундестаг дахь Герман-Төв Азийн бүлгийн дарга ноён М.Грунд болон тус бүлгийн гишүүд, Бундестагийн Гадаад бодлогын байнгын хороо, Хөгжлийн хамтын ажиллагааны байнгын хорооны гишүүд болон Холбооны ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Эдэрэртэй Берлин хотноо тус тус уулзалт хийж, Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Германы улс төрийн сангуудын төлөөлөлтэй Улсын Их Хурлын гишүүд уулзаж ярилцав.

Монголын парламентын төлөөлөгчид энэ сарын 10-ны өдөр ХБНГУ-ын Тюринген муж улсад зочилж, хуучин уурхай байсан газарт байгалийн нөхөн сэргээлт хийсэн туршлагатай танилцав. Мөн энэ үеэр тус муж улсын бизнес эрхлэгчдийн арга хэмжээнд оролцож, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва илтгэл тавилаа.

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор төлөөлөгчдийг дагалдан айлчлалд оролцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсээс мэдээлэв.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх