Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос “ Хөдөлмөрлөх эрх-Тулгамдаж буй асуудал” сэдэвт сүрьеэгийн эмч, мэргэжилтний улсын зөвлөгөөнийг өнөөдөр МҮЭСТО-нд зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар, ХӨСҮТ-ийн дэд захирал П.Тунсаг болон нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, ХӨСҮТ-ийн сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүд зэрэг нийт 150 гаруй эмч нар оролцож байна.
ХӨСҮТ-ийн дэд захирал П.Тунсаг хэлсэн үгэндээ “Сүрьеэ өвчнөөр хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөний дийлэнх нь гэр оронгүй хүмүүс байдаг учраас хэвтэн эмчлүүлсэний дараа эмээ таслах, үхэлд хүрэх тохиолдол цөөнгүй гардаг. Сүрьеэгийн өвчлөл өндөр, халдвар хамгаалал алдсан, сүрьеэгийн эмч, сувилагчаар ажиллагсад маш хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байна. Тиймээс нийгмийн баталгааны тал дээр бид анхааран ажиллаж байгаа, цаашид ч төрийн бодлогын түвшинд анхааран ажиллах ёстой. Боловсон хүчин бэлтгэх асуудал дээр маш их анхаарах нь чухал байна” хэмээлээ.
Зөвлөгөөнөөр “Сүрьеэ өвчинтэй тэмцэх талаар МУ-ын Засгийн газраас баримтлах бодлого, цаашид авах арга хэмжээ” , “Эрүүл мэндийн ажилтны эрсдэл ба нийгмийн баталгаа түүнд тулгамдаж буй асуудал”, “Эмч, сувилагчийн дундах сүрьеэгийн халдварлалт, өвчлөл, эрсдэлт хүчин зүйлсийн судалгааны үр дүн” зэрэг асуудлаар хэлэлцүүлэг хийгдэж, Монгол улсын хэмжээнд сүрьеэ өвчин ямар байгаа, түүнийг эмчлэн эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг гардан гүйцэтгэдэг эмч, мэргэжилтнүүд санал бодлоо солилцож байгаа юм.
Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүд улсын хэмжээнд дутагдалтай, хүний нөөцийн хомсдолд орж, эмч ажилтнууд өвдөж, эндэх тохиодол ч гарч, хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөөр байна гэдгээ зөвлөгөөнд оролцож буй албаны хүмүүс онцолж байлаа.
Дашрамд дурдахад тус зөвлөгөөн нь салбартаа анх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус зөвлөгөөнд оролцогчдоос УИХ, Засгийн газарт хандан шаардлага хүргүүлэх асуудлууд тусгагдах юм байна.