Монгол Улсын Их хурлын 2016 оны 69 дүгээр тогтоол, Засгийн газрын 2016 оны 41 дүгээр тэмдэглэлд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын менежментийг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, үйл ажиллагааг тогтворжуулахад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар анхаарч ажиллаж байна.
Тухайлбал төрийн өмчит авто замын засвар арчлалтын компаниудын санхүүжилт цагтаа ордоггүй, хуваарилсан хөрөнгө нь зам засвар, арчлалтын ажилд хүрэлцдэггүй зэрэг шалтгаанаас үүдэн татвар, нийгмийн даатгал зэрэг хуримтлагдсан өр ихтэй. Үүний улмаас орон нутагт зарлагдсан тендерээс хасагдаж ажил авч чаддаггүй байна. Иймд төрийн өмчит авто замын засвар арчлалтын компаниудаар улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа зам, барилгын ажлаас тодорхой хэсгийг гүйцэтгүүлэх чиглэл баримталж дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.
Мөн авто замын засвар арчлалтын компаниудын машин механизм, тоног төхөөрөмжийг шинэчлэх талаар нэгдсэн арга хэмжээ авах, Арабын эдийн засгийн Кувейтын сангаас 2009 онд авто зам засвар арчлалтын компаниудад машин механизм, тоног төхөөрөмжийг санхүүжүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээлийг олгосон нь компаниудын санхүү, эдийн засгийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж байгаа тул урт хугацаат өглөгийг тэглэх зэрэг асуудлыг шийдүүлэхээр ажиллаж байгаа юм.