“Сод Монгол Групп” ХХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд Сэлэнгэ аймагт нүүрлээд байгаа байгаль цаг уурын бэрхшээлийг малчид хохирол багатай даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 5000 боодол өвс хандивлаж буйг өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилд хүлээлгэн өгөв.
“Сод Монгол Групп” ХХК-ийн Худалдаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Б.Сүхбаатар
-ӨВС АЧСАН 10 ГАРУЙ МАШИНЫ ЦУВАА СЭЛЭНГЭ АЙМГИЙГ ЗОРИН ХӨДӨЛЛӨӨ-
“Сод Монгол Групп” компаниас байгалийн гамшиг нүүрлээд буй аймгийн малчдад хандив өргөж, тусламж үзүүлж ирсэн. Өнгөрсөн жил Баян-Өлгий аймагт болсон үерийн аюулд 700 гаруй өрх айл өртөж, гэр оронгүй болсон. Үүнд манай компанийн зүгээс 20 гаруй иж бүрэн гэр бэлгэдэж, хандив өргөсөн. Энэ жил Сэлэнгэ аймгийн удирдлагуудын хүсэлтээр өвөлжилт хүндэрсэн найман сумын малчид, тариаланчдад тусламж үзүүлж байна. Энэ хүрээнд бид өөрсдийн бэлтгэсэн фондын өвснөөс 5000 боодол өвсийг өнөөдөр Сэлэнгэ аймаг руу илгээж байна. Өвс ачсан 10 гаруй машины цуваа Сэлэнгэ аймгийг зорин хөдөллөө. Энэхүү туслалцаа маань Сэлэнгэ аймгийн малчид, тариаланчдад тодорхой хэмжээний дэмжлэг болно гэдэгт найдаж байна.
“Сод Монгол Групп” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд хөдөө орон нутаг болон нийслэлд туслалцаа хэрэгтэй байгаа хэсэгт шаардлагатай цагт нь туслалцаа үзүүлдэг үндэсний хэмжээний компани юм. Ингээд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын сэтгэгдлийг сонслоо.
-“Сод Монгол Групп” ХХК-иас танай аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад тусламж үзүүлж байна. Одоогоор хичнээн суманд өвөлжилт хүндрээд байна вэ?
– Аймгийн хэмжээнд цагаан зуд нүүрлээд байгаа найман сум бий. Одоо хаврын улирал эхэлж байгаа ч өвс ногоо ургах болоогүй, хаваржилт хүндрэх үе ирж байна. Энэ үед “Сод Монгол Групп” ХХК-иас тусламжийн гараа сунгаж буйд үнэхээр их баярлаж байна. 5000 боодол өвс гэдэг маань зах зээлийн ханшаар 30 гаруй сая төгрөг болно. Ийм том хэмжээний тусламжийг малчдад маань үзүүлж байгаад маш их баярлаж байна. “Тэвдэж явахад тэвэнгээр тусал” гэж үг бий. “Сод Монгол Групп” ХХК-иас үзүүлж буй энэхүү тусламж нь манай малчдад сэтгэл санааны болоод эд материалын том дэмжлэг болох сайхан үйл явдал болж байна. “Сод Монгол Групп” ХХК-ийн хамт олонд Сэлэнгэ аймгийн нийт иргэдийн өмнөөс баярлаж, талархсанаа илэрхийлье.
-5000 боодол өвс хичнээн малчин өрхөд очих вэ?
-Эхний ээлжинд Хушаат, Цагаан нуур, Зүүн бүрэн, Мандал, Баянгол зэрэг өвөлжилт хүндэрсэн, цас зуд ихтэй байгаа найман суманд тэгш хуваагаад явуулж байна. Эдгээрээс Мандал, Баянгол сум маань харьцангуй том, хүн ам ихтэй. Тиймээс 2000 боодол өвсийг дээрх хоёр суманд хуваарилж байгаа бол үлдсэнийг нь сумдын удирдлага нөхцөл байдлыг судалж байгаад хуваарилалт хийнэ.