УИХ-ын гишүүн З.Нарантуяа Завхан аймагт ажиллаж байна

2017 оны 02-р сарын 24 өдөр, 12 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
narantuya gshuun

Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулган завсарласантай холбоотойгоор хоёрдугаар сарын 21-26-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Загдхүүгийн Нарантуяа орон нутагт ажиллаж байна. Тэрээр Завхан аймгаас сонгогдсон бөгөөд тойргийнхоо иргэдтэй уулзаж, Улсын Их Хурлаар батлагдсан хууль тогтоомжийн талаар танилцуулж, УИХ-ын гишүүн болсноос хойш хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа тавьсан юм.
УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн эхний уулзалт хоёрдугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Отгон сумаас эхэлсэн. Тус сумын 250 орчим иргэн уулзалтад ирж, мэдээлэл сонсож, санал бодлоо хуваалцлаа. Отгон суманд энэ жил өнөтэй сайхан өвөл болж байгааг нутгийн иргэд дуулгаж, орон нутагт тулгамдаж буй асуудлаа хэлж байсан юм. Тухайлбал, Завхан аймгаас тус сум руу сайжруулсан замтай болгох, шилэн кабелийн холболтоор интернэттэй болгох, одоогийн байдлаар 393 хүүхэд суралцаж буй дунд сургуулийг 12 жилийн сургалттай болгох зэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн З.Нарантуяа тус сумын шилдгээр шалгарсан хөдөлмөрчдөд шагнал гардуулав.


Дараагийн уулзалт Шилүүстэй суманд үргэлжилж, УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Сайн малчдын зөвлөгөөн”-д оролцлоо. Энэ үеэр УИХ-аас эхчүүд, ахмадууд, малчдын тэтгэвэр тэтгэмжийн талаарх хууль тогтоомж болон ноосны урамшуулал, хүүхдийн мөнгө, оффшор бүсийн талаар асууж, хариулт авсан юм. Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа тус сумын цэцэрлэг, сургуулийн нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудлыг хурдан хугацаанд шийдвэрлүүлэх тал дээр анхааран ажиллах болно гэдгээ хэллээ. Завхан аймаг 115 багтай бөгөөд Шилүүстэй сумын Сайхан баг ажлын үзүүлэлтээрээ аймагтаа аваргалжээ.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа ээлжит уулзалтаа Цагаанчулуут, Цагаанхайрхан, Алдархаан, Эрдэнэхайрхан сумдад хийлээ. Нутгийн иргэдийн ахуй амьдрал харьцангуй дээшилж байгааг иргэд ярьж байсан бөгөөд цаашид хөдөө, орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсч байсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх