Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Номоор гийсэн ард түмэн урт насалдаг

2017 оны 02-р сарын 22 өдөр, 15 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
600x600

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУСЯ, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дэмжлэгээр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Түүхийн тэнхимээс 2016 онд “Монголын эртний түүх” (таван боть) төслийг хэрэгжүүллээ.

Уг таван ботийн нээлтийн ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болсон юм. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, эрдэмтэд, судлаачид, багш нарын төлөөлөл оролцлоо.

“Монголын эртний түүх” 5 боть зохиол нь НТӨ V-IV зуунаас Нийтийн тооллын XII зууныг хүртэлх үеийн монгол угсаатны түүх, угсаа гарвал, улс төрийн түүх, төр нийгмийн байгуулал, аж ахуй, соёлын түүхийг цогцоор авч үзэж, судалгааны өнөөгийн түвшинд нэгтгэсэн бүтээл бөгөөд монголын эртний түүх бичлэгийг урагш ахиулсан суурь судалгааны бүтээл хэвлэгдэн гарч байгаараа чухал ач холбогдолтой. Түүнчлэн Монголын эртний улсуудын төрийн залгамж чанар, монгол угсаатан бүрэлдэн тогтох үйл явц, аж ахуй соёлын монгол хэв шинж бүрэлдсэн түүх, нүүдэлчдийн Евроазийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг зэргийг тод томруун нээн харуулснаараа эх түүх, соёлоороо бахархах, түүхээ эргэцүүлэн ухаарах, түүхэн сургамжийг танин мэдэх бололцоог олон нийтэд олгож байгаагаараа онцлог юм.

“Монголын эртний түүх” 5 боть зохиолын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Монголын ард түмэн сар шинийн баярын босгон дээр Монголын эртний түүхийн 5 боть цогц бүтээлийг өлгийдөн авч байна. Энэхүү гайхамшигт бүтээлийн нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн та бүхний амар мэндийг айлтган мэндчилж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Манай алдартай эрдэмтэн, судлаачид, шинжлэх ухааны зүтгэлтнүүд, түүхийн тэнхим, түүх-археологийн хүрээлэнгийнхэн, манай нэртэй их, дээд сургуулийн удирдлага, нийгэм соёлын зүтгэлтнүүд энэ танхимд багтахгүй цуглажээ.

Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн тэгш ойн босгон дээр буюу 2 сарын өмнө Та бид “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон”, “Монголын түүхийн цахим тайлбар толь” хэмээх бүтээлийг нээж байсан. Тухайн үед би та нарт амлаж байсныхаа дагуу өнөөдөр “Монголын эртний түүх” 5 боть бүтээлийг танилцуулж байгаадаа туйлын баяртай байна.

“Монголын эртний түүх” 5 боть бүтээл нь нийтийн тооллоос өмнөх  Y-IY зуунаас эхлээд нийтийн тооллын ХII зууныг хүртэлх Монгол  газар нутагт оршиж байсан эртний гүрэн, улсуудын түүх, бусад зүйлүүдийг нэгтгэж бичсэнээрээ маш чухал ач холбогдолтой.  Энэхүү 5 боть бүтээл хэвлэгдэж, нийтийн хүртээл болсноор Монголын эртний улсуудын түүх бичлэгийг урагш ахиулж байгааг өмнө нь танилцуулсан хүмүүс ярилаа.

Монголын түүх шинжлэх ухааны судалгаагаар урагшлан баяжих тусам би баярладаг. Манай эрдэмтэд, манай ард иргэд ч баярладаг.

Дээр нь манай түүхчдийн залуу халаа болсон эрдэмтэд бүтэн багаараа гарч ирж байгаа нь үнэхээр баярлууштай зүйл юм гэдгийг хэлье.

МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор П.Дэлгэржаргал болон бусад эрдэмтэд, судлаачид нийлж энэ сайхан ажлыг хийсэнд туйлын талархаж байна. Та бүхэн шинжлэх ухаанд их хувь нэмэр оруулахын зэрэгцээ улс үндэстнийхээ өмнө сайхан гавьяа байгууллаа гэдгийг энд цохон тэмдэглэе.

Сүүлийн 4 жилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөв 2,4 дахин багассан. Бид төсвөө 240 хувиар, 11,5 тэрбум төгрөгөөс 4,5 тэрбум болгож бууруулсан ч өнөөдөр эрх, үүргээ хэрэгжүүлээд явж байна. Танагдсан зардлаа улам тэвчиж, Монголын үнэртэй, нэртэй,  Монголын агуулгатай, Монголын гэсэн сайн санаачлагыг дэмжээд явж байгаа.

Сэтгэл байвал, дээрээс нь санаачилга байх юм бол үр дүн гардаг юм байна. Монгол төрийн дэмжлэг, оролцоо, сэтгэл гэдэг бол багаддагүй юм байна гэдгийг би эндээс харж байгаа.

Хийж хэрэгжүүлсэн 100 гаруй ажлын бараг 30-аад нь Монголын түүх, өв соёлтой холбоотой, ажил, санаачилга байсанд би туйлын баярласан. Үнэхээр Монголын түүхэн өв соёл, уламжлал, заншлын асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч анхаарлаа хандуулж, анхаарлынхаа төвд байлгах нь их чухал зүйл гэдгийг бас энд хэлье.

Мөн нэг сайхан мэдээ бол Монголын түүх, соёл, өв уламжлалыг цаашаа баяжуулан авч явах талаар тусдаа зарлиг гарсан байгаа. Эх хэл, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай гэсэн зарлиг гарсан.

Хувийнхаа бодлыг хэлэхэд энэ таван ботийг би хоёр хоногийн өмнө авсан. Таван ботийг барихад шууд уншмаар санагддаг. Хуудсыг нь нээгээд харахад шууд нүд татагдана. Түүхэн эх сурвалжуудад тулгуурлаж энгийн хэлээр бичсэнд учир нь байгаа юм. Үүгээрээ энэ ботиуд гайхалтай. Тэдгээр түүхэн эх сурвалжуудыг жирийн иргэд бүгдийг олж унших боломж хэцүү. Гэтэл тэр бүхнийг түүхэн цаг үеийн дараалалд оруулж, шинжлэх ухааны судалгаагаар холбоос хийгээд, энгийн хэл, учир зүйгээр тайлж бичнэ гэдэг бол үнэхээр эрдэнэ мэт үнэ цэнийг энэ таван ботид шингээж чадсан гэдгийг энд би онцлон хэлье.

Үзэг цаас нийлүүлж үг бичдэг хүн бүхэн мэднэ. Аливаа зүйлийг бичихэд түүний бүтэц, зохион байгуулалтыг олох нь маш чухал байдаг. Юу бичихээ томъёолж харах, мөн чанарыг нь өөрөө тайлж ойлгох гэдэг чухал. Ингэж тайлж ойлгоход эрдэмтэн мэргэд, үүн дээр ажилласан эрдэмтдийн баг сайн ажиллажээ гэдэг нь таван ботийг аваад уншихад харагдана.

Монгол хэл, соёл, түүх бол Монгол үндэстний оюун санааны нэгдэл, ижилсэл, эх орноо хайрлах сэтгэл, ихийг хийж бүтээх урам зориг хайрладаг шавхагдашгүй ундарга гэдгийг мөн энд хэлье гэж бодож байна. Түмэн үеийн түүх шастир номд байгаа, хүмүүний амьдралын баяр жаргал, зовлон гуниг ч номд байгаа. Амжилт ололт, алдаа сургамж ч номд байгаа. Номоор гийсэн ард түмэн урт насалдаг. Энэ дэлхийд үлдэх мөртэй, эзэлсэн байр суурьтай байдаг гэдгийг энд хэлэх ёстой.  Тийм ард түмний нэг нь Монголын ард түмэн юм гэдгийг онцолж хэлье.

ҮАБЗ-ийн үзэл баримтлалд нэг чухал өгүүлбэр бий. Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж, хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн гэж байгаа.  Энэ нь ҮАБЗ-ийн үзэл баримтлалд ч байдаг. Бидний оршин тогтнох, цаашаа үндэснийхээ дархлааг авч явах чухал санааг ч өргөжүүлж хэрэгжүүлж байгаа. Тэр үндэс, дархлааг бататгаж бэхжүүлэхэд Монголын эртний түүхийн 5 боть судалгаа бүтээл онцгой хувь нэмэр оруулж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна.

Ингээд номын болон Монголын түүхийн ариун цагаан буян та бүхнийг үргэлж ивээж тэтгэж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Та бүхэнд баяр хүргэе. Баярлалаа” гэлээ.

МОНГОЛЫН ЭРТНИЙ ТҮҮХ (таван боть)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, БСШУСЯ, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дэмжлэгээр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Түүхийн тэнхимд 2016 онд “Монголын эртний түүх” (таван боть) төслийг хэрэгжүүллээ.

Энэ төслийн хүрээнд, Монголын эртний улсуудын түүхийг 5 ботиор бичив. Үүнд,

-“Хүннү” тэргүүн ботийг доктор П.Дэлгэржаргал, доктор З.Батсайхан

-“Сяньби” дэд ботийг доктор П.Дэлгэржаргал

-“Жужан” гутгаар ботийг доктор С.Өлзийбаяр, доктор А.Энхбат

-“Түрэг, Уйгур” дөтгөөр ботийг доктор Б.Батсүрэн, докторант Мөнхтулга

-“Төв Азийн нүүдэлчдийн төр улсууд” (VI-XII зуун) тавдугаар ботийг доктор Б.Батсүрэн, доктор Б.Чинзориг, доктор Э.Жигмэддорж нар бичсэн болно.

“Монголын эртний түүх” (таван боть) бүтээл нь Монголын эртний улсууд болох Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, VI-XII зууны Монголчууд, Хятаны угсаа гарвал, улс төр, төр-нийгмийн байгуулал, аж ахуй, соёлын түүхийг цогцоор нь  анх удаа таван ботиор бичиж, нэгтгэн дүгнэсэн бүтээл юм.

Монголын эртний түүх (таван боть) бүтээлийн шинэлэг тал, онцлогоос дурдвал:

1. Арга зүйн хувьд, Европт төвт түүх бичлэгийн уламжлалт тогтсон хандлагаас татгалзаж, шинэлэг арга зүйн үүднээс  монголын эртний улсуудын Евразийн түүхэнд эзлэх байр суурийг бодитой гаргахыг хичээсэн оролдлого юм.

2.  Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, VI-XII зууны монголчууд, Хятан гүрний түүхийг цогцоор нь шинэлэг арга зүй, монгол төвтэй концепцийн үүднээс бичиж, нэгтгэн дүгнэсэн.

3. Монголын эртний улсуудын хаадын угсаа залгамжлалыг бүрэн гаргаж, төрийн залгамж чанар, улс төрийн түүхийг цогцоор нь авч үзэн, дараах шинэ дүгнэлтүүдийг дэвшүүлж байна. Үүнд:

            -Монгол нутагт НТӨ V-IV зууны үед Хүннү, Дунху, Юэжи зэрэг төр улсууд анх байгуулагдсан гэдгийг нотолсноор Монголын төрт улсын түүхийг 100-200 жилээр урагшлуулсан.

            -Сяньбийн нэгдсэн улс задарсны дараа Умард Хятадад байгуулагдсан Муюн сяньбийн Янь улсууд, Түгүхүнь сяньбийн Түгүхүнь улс, Табгач сяньбийн Умард Вэй, Цифү сяньбийн Баруун Цинь улс, Түфа сяньбийн Өмнөд Лян улс зэрэг Сяньби угсааны улсуудын түүхийг тодруулснаар Сяньби улс НТ II зуунаас VI/VII  зуун хүртэл оршин тогтнож байсан гэдгийг нотолсон.

            -Монгол нутагт оршин байсан Түрэгийн улс төрийн түүхийг шинээр үечилж, Түрэгийн түрүү болон хожуу хаант улсын хооронд буюу 628-690 онд Сеяньто, Уйгурын түрүү хаант улс оршин байсныг тодруулсан.

            4. Төр-нийгмийн байгууллын хувьд, Монголын эртний улсууд нь гадаад хэлбэрийн хувьд эзэнт гүрний зохион байгуулалттай боловч, нийгмийн дотоод зохион байгуулалт нь “овог аймгийн нийгэм”-тэй байсан хэмээн үздэг өрнөдийн “нийгмийн хувьслын онол”-ын үзэл баримтлалыг няцаан, эртний улсуудын нийгэм нь засаг захиргааны нэгжүүдэд хуваагдсан төрт улсууд байсан гэдгийг нотолсон.

            5. Эртний улсууд (Хүннү, Сяньби, Жужан, VI-XII зууны Монголчууд, Хятан)-ын угсаа гарвалыг судлан, Монголчуудын угсаа гарвалын тогтолцоог нэгтгэн гаргасан. Ялангуя, Түрэг, Уйгурын үеийн жинхэнэ монголчууд болох “Гучин Татар”, “Есөн Татар”-ын түүхийг тодруулснаар Монгол угсаатны угсаа-соёл, түүхийн залгамж холбоог гаргасан.

            6. Эртний улсуудын аж ахуй, соёл, түүний залгамж холбоог судлан, аж ахуй-соёлын Монгол хэв шинж байгааг тодоруулсан.

            7. Эртний нүүдэлчид, монголын эртний улсуудын түүхэнд холбогдох хятад сурвалжийг аль болох бүрэн дүүрэн ашиглахыг хичээсэн зэргийг дурьдаж болно.

“Монголын эртний түүх” таван боть бүтээл хэвлэгдэж, нийтийн хүртээл болсноор Монголын эртний улсуудын түүх бичлэгийг урагш ахиулж, ахмад эрдэмтдийн залгамж халаа болсон нэгэн шинэ үе төрөн гарсныг харуулж байна.

“Монголын эртний түүх” 5 боть зохиол нь НТӨ V-IV зуунаас НТ XII зууныг хүртэлх үеийн монгол угсаатны түүх, угсаа гарвал, улс төрийн түүх, төр нийгмийн байгуулал, аж ахуй, соёлын түүхийг цогцоор авч үзэж, судалгааны өнөөгийн түвшинд нэгтгэсэн бүтээл бөгөөд монголын эртний түүх бичлэгийг урагш ахиулсан суурь судалгааны бүтээл хэвлэгдэн гарч байгаараа чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн Монголын эртний улсуудын төрийн залгамж чанар, монгол угсаатан бүрэлдэн тогтох үйл явц, аж ахуй соёлын монгол хэв шинж бүрэлдсэн түүх, нүүдэлчдийн Евразийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг зэргийг тод томруун нээн харуулснаараа эх түүх, соёлоороо бахархах, түүхээ эргэцүүлэн ухаарах, түүхэн сургамжийг танин мэдэх бололцоог олон нийтэд олгож байгаагаараа онцлог юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн, эх хэл, соёл, түүхийн чиглэлээр гаргасан зарлиг, санаачилга; хэрэгжлүүлсэн төсөл, хөтөлбөр:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын монголч эрдэмтний X, XI их хурлыг зохион байгуулсан.
  • “Монгол судлалыг дэмжих сан” байгуулах санаачилга гаргаж, хэрэгжүүлсэн.
  • “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” зарлиг гаргасан.
  • Их эзэн Чингис хаан мэндэлсэн огноог албан ёсны болгон ёсчлох тухай зарлиг гаргасан. Уг зарлигийн дагуу “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлал тогтсон.
  • Бурхан халдун хайрхны тухай зарлиг гарган ЮНЕСКО-д бүртгүүлж, хамгаалах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.
  • ШУА, МУИС, МУБИС-ийн эрдэмтдийн эрхэлсэн Монголын түүхийн цуврал зохиол: ” А.Амарын “Монголын товч түүх” тэргүүтэй “Монгол эх түүх” 7 ботийг анх бичсэн гар бичмэл болон кирил үсэгт буулгасан эхийн хамтаар хэвлэж, олон нийтийн хүртээл болгосон.
  • ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачдын “Монгол хэлний их тайлбар толь” төслийг дэмжин хэрэгжүүлсэн.
  • ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн судлаачдын, Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойд зориулсан “Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, Бүгдийг ялалтын төлөө”, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан “Монгол Улс Чөлөөлөх дайнд-1945” баримт-гэрэл зургийн цомог бүтээх төслийг дэмжин хэрэгжүүлсэн.
  • Рашид-Ад-Диний “Шаштирын чуулган” бүтээлийг монгол хэлээр орчуулан гаргах ажлыг дэмжиж ажилласан.
  • Хадны зургийг судлахад анхаарч олон улсын хурал, уран дархны урлагийн хөгжүүлэх зорилгоор дархчуудын нэгдсэн үзэсгэлэн зохион байгуулсан.
  • Уран дархны урлагийг хөгжүүлэх тухай зарлиг гаргасан.
  • МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, профессор Д.Баярсайханы “Хүлэгү хаанаас Абу Са’ид хүртэл: Ил-хаадын тухай өгүүллүүд” нэг сэдэвт бүтээл; “Ил-хаадын судлал: Шинэ хандлага” судалгааны эмхэтгэл;  “Ил хаадын судлал: Шинэ хандлага” баримтат киног бүтээх төслийг дэмжин хэрэгжүүлсэн.
  • Монгол Улсын Төрийн соёрхолт туульч Баатарын Авирмэдийн хүү, туульч А.Балдандорж, нэрт цуурч Паарайн Наранцогтын ач хүү, цуурч Б.Наранбат нарын монгол тууль, цуурын уламжлалыг үргэжлүүлж буй хичээл зүтгэлийг дэмжиж, үндэсний соёлын өвийг дэлгэрүүлэх зорилгоор “Монгол Алтайн магтаал”, “Монгол цуурын аялгуу” цомог бүтээх төслийг хэрэгжүүлсэн.
  • 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Эх хэл, түүх, соёлоо судлах хөгжүүлэх ажлыг дэмжих тухай” 162 дугаар зарлиг гаргасан.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын багийн бүрэлдэхүүнтэй төслийн багийнхан “Монголын түүхийн цахим тайлбар толь”-ийг сүүлийн жил гаруй хугацаанд хийж дуусгасан.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнд “Монголын нууц товчооны каталоги” сэдэвт төслийг хэрэгжүүлж, түүний үр дүнд “Дэлхийд түгсэн МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН” хэмээх бүтээлийг хэвлүүлсэн.


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх