Улаан буудайн тонн тутамд 55 мянган төгрөгийн урамшуулал олгоно

2017 оны 02-р сарын 22 өдөр, 15 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zasag

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улаан буудайн тонн тутамд 55 мянган төгрөгийн урамшуулал олгоно 

Буудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдийн дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн, стандартын шаардлага хангасан нэгдүгээр ангиллын хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 55 мянган төгрөг байхаар тогтлоо. 2-4 дүгээр ангилалынх бол урамшуулал 50 мянган төгрөг байх юм.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 355 мянга гаруй га талбайд улаанбуудай тариалж 460 мянган тонн ургац хураан авсан байна. Стандартын шаардлага хангасан 292 мянган тонн хүнсний улаанбуудайны 68.5 мянгыг Тариалан эрхлэлтийг дэмжих сан, 0.1 мянган тонныг Улсын нөөцийн салбар, 224 мянган тонныг гурилын 33 үйлдвэр авчээ. Энэ нь гурилын хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх боломжтой болсон гэсэн үг юм.

Хүнсний улаанбуудайн мөнгөн урамшуулалд зориулж энэ оны төсөвт 16 тэрбум төгрөг тусгасан бөгөөд 12 аймгийн 65 сумын 729 иргэн, аж ахуйн нэгж урамшуулал авах шалгуурт тэнцсэн байна.

Хурдан морины уралдааны товыг тогтоолоо

Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны тов, орон нутгийг тогтоолоо.

1.  “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдааныг 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд

2.  Хаврын бүсийн уралдааныг 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл, Говь-Алтай аймагт

3.  Зүүн бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт

4.  Төвийн бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Хүй долоон худагт

5.  Хойд бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт

6.  Говийн бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Дундговь аймагт

7.  Хангайн бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт

8.  Баруун бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Увс аймагт тус тус зохион байгуулахаар тогтлоо.

Товч мэдээ

–  “Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой холбогдсон үйл ажиллагааны журам”, “Үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд тавих шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам”-ыг хавсралтаар баталлаа. Олборлолтын явцад ашиглах боломжгүй нөөцийг ирээдүйд ашиглах боломжтой байхаар овоолго үүсгэж, уурхайн эдэлбэр газарт үлдээн, хүдрийг баяжуулах явцад гарах завсрын бүтээгдэхүүн, хаягдлыг тусад нь хадгалдаг. Эдгээрийг ирээдүйд ашиглах боломжтой тул уурхайн нөхөн сэргээлт бүрэн хийлгүй үлдээснээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Иймд уурхайн дэргэд үүссэн овоолгыг дахин ашиглах зорилгоор өнгөрсөн онд холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үүсмэл орд ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлжээ.

–  Энэ онд манай улсад зохиогдох олон улсын спортын тэмцээн, наадамд улсын төсвөөс 806 сая төгрөг зарцуулахаар боллоо. Энэ онд чөлөөт бөх, шатар, бокс, волейбол, бадминтон, софт теннис, аэробик, хүүхдийн спортын олон улс, Ази, Зүүн Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үе, насанд хүрэгчдийн тэмцээн болох юм.

–  3 дугаар сарын 09-ний өдөр Оттава хотод болох Монгол, Канадын дугуй ширээний долоодугаар уулзалтад оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Дугуй ширээний уулзалтаар хоёр орны улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, уул уурхай, барилга, дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, батлан хамгаалах, хүмүүнлэг зэрэг бүх салбарын хамтын ажиллагааг хэлэлцэн дүгнэж, харилцаагаа бодит боломжид түшиглэн тодорхой чиглэлд хөгжүүлэх талаар санал солилцох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх