Газрын тос боловсруулах үйлдвэрийг Энэтхэгийн Эксим банкны нэг тэрбум ам.долларын санхүүжилтээр байгуулахаар болсон. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос тодрууллаа.
-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-УИХ-ын сонгуулийн дараа манай нам олонх болж Засгийн газраа байгуулахад эдийн засгийн байдал хүнд байсан. Улсын төсөв, Бонд, Хөгжлийн банк гэх мэт газруудад санхүүгийн байдал хүнд байсныг бүгд мэднэ. Дандаа харалсан, хүндэрсэн мэдээтэй. Эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр ч амаргүй байгаа. Яаралтай арга хэмээ авах шаардлагатай байна. Өдөр ирэх тусам аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, зээл олголт үндсэндээ зогссон, эргэн төлөлт хийгдэхгүй удлаа. Тиймээс бид шинэ төслүүд, томоохон арга хэмжээг цаг алдалгүй яаралтай явуулах хэрэгтэй.
-Манай улс нефтийн үйлдвэртэй болж, дотоодынхоо хэрэгцээг хангах шаардлагатай гэдгийг өнөөдрийн үнийн өсөлт дахин санууллаа. Тиймээс ч Засгийн газраас Энэтхэгийн эксим банкны зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсэн. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Монгол Улсын импортоор авдаг бараа бүтээгдэхүүний 50-60 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлдэг. Өөрөөр хэлбэл хамгийн их валют зарцуулдаг зүйл бол нефтийн бүтээгдэхүүн. Энэ нь валютын хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэх гол шалтгаан болдог. Тиймээс Энэтхэг улсаас авах нэг тэрбум ам.долларын зээлийг газрын тос боловсруулах үйлдвэр барихаар шийдсэн нь маш зөв алхам. Энэ үйлдвэр ашигтай, ашиггүй байх нь хамаагүй. Хамгийн гол нь энэ чинь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын баталгаа. Гэтэл манайх жилийн хэрэглээнийхээ 80-90 хувийг ОХУ-аас хангаж байна. Нефтийн хэрэглээ нэг улс орноос хамааралтай байж болохгүй. Бид өөрийн гэсэн бүтээгдэхүүнтэй, нөөцтэй байх ёстой. Урд хөрш хилээ хаах, хойд хөрш үнээ нэмэх зэрэг ямар ч тохиолдолд бид нийт хэрэглээнийхээ 20-30 хувийн нөөцтэй байх ёстой. Энэ утгаараа их чухал үйлдвэр. Олон жил яригдсан энэ үйлдвэрийг барих цаг нь болсон гэдэгтэй хэн ч маргахгүй.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар Энэтхэгийн талтай яриа хэлэлцээрүүдийг хийсэн. Монголчуудын олон жил ярьсан нефть боловсруулах үйлдвэр энэ хавраас баригдаж эхэлнэ.
-Нефтийн үйлдвэрийг дагаад жижиг дунд үйлдвэрлэл хөгжих байх?
-Монгол Улс алийн болгон түүхийн эдийн баазын орон байх ёстой юм бэ. Түүхий нефть, зэсийн баяжмал, төмрийн хүдрийг огт боловсруулахгүйгээр гаргасаар ирлээ. Яагаад бид дотооддоо боловсруулаад, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргаж болохгүй гэж. Тухайлбал бид зэсийн баяжмалыг 500-600 ам.доллараар худалдаж байгаа бол боловсруулалт хийгээд гаргахад 5000-6000 ам.доллараар зарах боломжтой. Тиймээс Монгол Улсын хамгийн түрүүнд хийх ажил бол боловсруулах үйлдвэр байгуулах юм. Томоохон үйлдвэрүүдийг дагаж жижиг дунд үйлдвэр хөгждөг олон улсын жишиг бий. Энэ хэрээр ажлын байр бий болж, үйлдвэрлэл хөгжинө.
-Хоёр хөрш маань нефтийн томоохон үйлдвэрлэгч орон. Тиймээс манай улсыг газрын тос боловсруулах үйлдвэртэй болох асуудалд хэрхэн хандах бол?
-Монгол Улсын үндэсний эрх ашгийн асуудал. Бид Монголын ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой. Харин хоёр хөршийн хандах хандлага бол тавдугаар асуудал. Манай улс дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангахаар болж байхад хоёр хөрш хориг, саад хийж байвал инээдтэй. Ийм замбараагүй юм байж болохгүй.
-УИХ-ын намрын чуулганаар эдийн засгийн чиглэлээр ямар ажлууд хийв ээ?
-Өнгөрсөн хугацаанд бид улсын төсвийг нэгтгэж, цэгцэллээ. Таван чиглэлээр урсдаг байсан төсвийн зарцуулалтыг нэг болгож, хяналттай, хариуцлага сахилга баттай болголоо. Мөн Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах бодлого, үндсэн чиглэл, эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөрийг баталлаа. Одоо Засгийн газар ажиллах үлдлээ.
Ирэх гуравдугаар сард евро бондын 580 сая ам.доллар, наймдугаар сард 1.7 тэрбум ам.долларын төлөлтүүд хийнэ. Нөхцөл байдал амаргүй байна. Гэсэн хэдий ч Монголбанкнаас авсан арга хэмжээ үр дүнгээ өгч валютын ханш тогтвортой боллоо. 2016 онд улсын төсөвт орж ирэх орлого буюу татварын орлого 100 хувь биелсэн зэрэг харлуулаад байхааргүй мэдээнүүд бий. Гол нь шийдвэр удаан гарч, ажил хойш татаад байгаа тал бий.
-Цаг үеийн асуудлаар цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
Бид өөдтэй биш бол Гаднийхан биднийг мөлжөх л гэнэ