МЗХ жил бүр уламжлал болгон “Хариу нэхээгүй тус” аяныг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн аян Монгол түмний уламжлалт баяр болсон сар шинийн баярыг тохиолдуулан МХЗЭ-ээс төрөн гарсан ахмадуудын төлөөлөлд гарын бэлгийг гардуулснаар эхэлж байна.
МХЗЭ-ийн Төв хороонд барилга ангид 18 жил ажилласан Р.Раднаа, оёдолчин байсан н.Аюушжав, бичиг хэргийн бичээчээр 40 жил ажилласан Д.Дулмаа, нярав, кассаар 23 жил ажиллаж байсан П.Цэндсүрэн, Залуучууд хүүхдийн хэвлэлийн нэгдсэн редакцад бичээчээр 19 жил ажилласан Ч.Эрдэнэчимэг, авто бааз, залуу техникчийн ордонд барилга ангид жолоочоор ажиллаж байсан С.Гончигжав нарт сар шинийн баярын ширээний идээний дээжээс гардуулсан юм.
Ахмадууд баяртай байгаагаа илэрхийлэн МХЗЭ-д ажиллаж байх үеийнхээ сонин сайхнаас хууч хөөрч, залуу үеийн төлөөллүүддээ сургамж, захиасаа хэлж байлаа. Тэд МХЗЭ бол олон залуусын амьдрал, ажлын гараа болж байдаг газар юм. Залуучуудын байгууллага гэдэг утгаараа бүх зүйлийн эхлэл, манлай нь байх хэрэгтэй гэдгийг онцлон хэлж байсан.
Уг үйл ажиллагааг зохион байгуулахад нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр амжилттай ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээсэн “Бамбууш” болон “Монфреш” компаниуд ахмадуудад сар шинийн ширээний идээний дээжээсээ гардуулсан юм.
МЗХ-ны “Хариу нэхээгүй тус” сайн үйлсийн аяныг бүтэн жилийн хугацаанд зохион байгуулагдах юм. Тус аянд нэгдэж, хамтран ажиллах хүсэлтэй байгууллагуудтай нэгдэн ажиллахад үргэлж таатай байх болно гэдгээ илэрхийлсэн.
МЗХ-оос уламжлал болгон жил бүр сар шинийн баяраар МХЗЭ-д ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг бөгөөд энэ жил 2-р сарын 15-ны өдөр үе үеийн төлөөлөл болсон ахмадуудаа хүндэтгэл үзүүлэх юм.