Л.Эрхэмбаяр: VII их хуралд 2700 гаруй төлөөлөгч оролцоно

2017 оны 02-р сарын 08 өдөр, 13 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
erhem

АН-ын VII Их хурал орон даяар эхлээд байгаа. Энэ Их хурлын онцлог нь намын нийт гишүүд 12-ны өдрийг хүртэл аймаг, дүүрэгтээ чуулж намынхаа Үндсэн дүрмийг хэлэлцэнэ. Ийнхүү нийт гишүүдийн хэлэлцэн, боловсруулсан дүрмийн төслийг 12-ны өдөр Улаанбаатарт чуулах Их хурлын төлөөлөгчид батална. Мөн намын даргаар сонгогдсон С.Эрдэнийг Их хурлаараа батламжлах бөгөөд бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяраас тодрууллаа.

-VII Их хурал орон даяар эхэллээ. Бэлтгэл ажил хэр байна вэ?
-Бүх гишүүдийн санал хураалтаар сонгогдсон намын даргыг VII Их хурлаараа ёсчлон батлах гэж байна. Шинэчлэл үргэлжилсэн хэвээр байгаа. Их хурал хоёрдугаар сарын 12-нд болно.

-Энэ удаагийн хуралд хэчнээн төлөөлөгч оролцох вэ?
-VI Их хуралд оролцсон бүх төлөөлөгчид оролцохоос гадна сум бүрээс хоёр төлөөлөгч нэмж оролцоно. VI их хуралд 1210 төлөөлөгч оролцсон бол энэ удаагийн хуралд 2700 гаруй төлөөлөгч оролцож, намын даргаа батламжилж, үндсэн дүрмэндээ өөрчлөлт оруулах болно. Үндсэн дүрмэнд өөрчлөлт оруулах ажлын хэсэг их хурлаас их хуралд амжилттай оролцож, төслөө боловсруулж дуусч байна. Энэ боловсруулсан төслөө өчигдрөөс эхлэн орон даяар бүх намын байгууллагуудаар их хурлынхаа төлөөлөгчдөөр хэлэлцүүлэх ажлыг эхлүүлсэн. Үндсэн дүрмийг хэлэлцүүлэх ажил 21 аймагт VII их хуралд сонгогдсон төлөөлөгчид орон нутагтаа үндсэн дүрмийнхээ төслийг хэлэлцэн саналаа нэгтгэж ажлын хэсэгт ирүүлэх юм. Хэлэлцүүлэг орон даяар явагдаж байна.

-VII Их хурлаар хоёр асуудлыг л хэлэлцэнэ гэсэн үг үү?
-Тийм. Нэгдүгээрт намын даргаа батламжилна. Хоёрдугаарт, Үндсэн дүрмийн төслөө хэлэлцүүлэх болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх