“Монгол туулийн уламжлалыг хамгаалах, дахин сэргээх нь” төслийн хүрээнд хэвлэгдсэн Монгол туулийн 12 боть цуврал номын нээлт өчигдөр /2017.01.31/ БСШУСЯ-нд боллоо. Нээлтийн арга хэмжээнд БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд нарын холбогдох албаны хүмүүс оролцов.
Энэхүү цуврал ботийг бүтээхэд “Хэл зохиолын хүрээлэн”-гийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Б.Катуу, Т.Баясгалан, А.Алимаа, соёл судлаач С.Юндэнбат, өвлөн уламжлагч Э.Баатаржав, А.Балдандорж, Ховд их сургуулийн багш, тууль судлаач, доктор М.Ганболд, нар хамтран ажиллажээ. Монгол туулийн эхний 10 ботийг ЮНЕСКО-гийн санхүүжилтээр, 1-12 дугаар ботийг БСШУСЯ, Соёлын өвийн төв хамтран төсвийн санхүүжилтээр тус тус хэвлүүлсэн бөгөөд эдгээр ботиуд номын сангуудаар дамжин олны хүртээл болоход бэлэн боллоо. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн 2013-2016 онд хамтран хэрэгжүүлсэн “Монгол туулийн уламжлалыг хамгаалах, дахин сэргээх нь” төслийг амжилттай хэрэгжүүлж дуусжээ. Төслийн хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
- Ховд, Увс, Баян-Өлгий аймагт туулийн урын сангийн судалгаа, туульчдыг бүртгэн 1950 минутын баримтжуулалтыг хийж, мэдээллийн сан үүсгэв.
- Монгол туулийг удам дамжин өвлүүлэн уламжилж ирсэн 11 туультай гэрээ хийж, шавь сургалтыг зохион байгуулжээ. Ингэснээр өнөөдөр тууль сонирхон суралцаж буй 30 гаруй шинэ залуу туульчдаар өвлөн уламжлагч шавь сурагчаар хүрээгээ тэлсэн байна.
- Олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх үйл ажиллагааны хүрээнд МҮОНРТ-тэй хамтран зургаан цуврал нэвтрүүлэг, “Оллоо” телевизтэй хамтран хоёр цуврал нэвтрүүлэг, мөн “Сэмүүн” студитэй хамтран нэг баримтат кино хийж олны хүртээл болгожээ.
- “Богд хааны ордон музей”-тэй хамтран 2014 онд “Хаан туульсын өргөө”-г нээж тууль хайлах болон туультай холбоотой ёслол хүндэтгэлийн зан үйлийг сурталчлахаар болжээ.
- Төслийн хүрээнд мартагдаж голомт нь тасарч байсан дөрвөд, баяд, туулиуд сэргэн амилж, удмын туульчид дахин төрсөн нь томоохон амжилт, үр дүн юм.