Санхүүгийн зохицуулах хорооны ажилтан, албан хаагчид ХХААХҮЯ-наас зарласан “Малчдад туслах сайн санааны аян”-д сайн дурын үндсэн дээр нэгдэж, 160 орчим боодол өвсны үнэтэй дүйцэх мөнгөн хандивыг хүлээлгэн өглөө.
Монгол орны зарим бүс нутгуудад тулгараад буй цаг уурын хүндрэлийг хохирол багатай даван туулах, урьдчилан сэргийлэх зорилготой тус аянд өнөөдрийн байдлаар 70 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд нэгдээд байна.
Хорооны ажилтан, албан хаагчдын хандивыг Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Батзориг хүлээлгэн өгөхдөө Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байгаагаар ирэх өдрүүдэд манай орны ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хаваржилт улам хүндрэх төлөвтэй байгааг харгалзан, “Малчдад туслах сайн санааны аян”-д идэвхтэй нэгдэн оролцохыг бусад байгууллага, хамт олон, иргэдэд хандан уриаллаа.