Ж.Батсуурь: Биеийн тамир, спортын бодлогыг олимп, дэлхийн наадмаар хязгаарлаж болохгүй

2017 оны 01-р сарын 12 өдөр, 15 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Batsuuri said

БСШУС-ын сайд Ж.Батсуурьтай Биеийн тамир, спортын салбарын талаар ярилцлаа.

-Биеийн тамир, спортын салбарын зардлыг ДНБ-ний 1.5 хувьд хүргэснээр тухайн улс орны  салбарт тавьж буй бодлого ямар байгааг илэрхийлж, тэр чинээгээрээ ард иргэдийнх нь эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн түвшинг тодорхойлдог-

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Спортын салбар хамгийн олон яам дамжсан салбар гэж боддог. Одоо шинэ Засгийн газрын бүтэц зохион байгуулалтаар  БСШУСЯ болж нэгдлээ?

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би эхлээд энэ салбарын үүх, түүхээс цухас яръя гэж бодож байна. Монгол Улсын Биеийн тамир, спортын салбар 95 настай, ууган салбаруудын нэг. Биеийн тамир, спортын байгууллага нь 1921-1990 он хүртэл тэр үеийн нийгмийн тогтолцооны дагуу Засгийн газар, Эрүүл мэндийн яамны дэргэдэх асуудал эрхэлсэн байгууллага болон олон нийтийн байгууллага, төрийн захиргааны байгууллагын хэлбэртэй явж иржээ.Ингээд 1927 оноос орчин үеийн спортын төрлүүд үүсч, 1958 оноос анхны улсын шигшээ баг, спортын анхны том барилга, байгууламжууд баригдаж, 1964 онд анхны олимпийн наадамд оролцсоноор биеийн тамир, спортын салбарын эрчимтэй хөгжлийн үе эхэлсэн гэж үздэг. Гэвч зах зээлийн шилжилтийн үед эдийн засаг уналтад орж, төрөөс үзүүлдэг дэмжлэг буурч, улсын шигшээ баг татан буугдаж, асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Үндэсний олимпийн хороотой нэгдэн, Эрүүл мэндийн яамны харьяанд үйлчилгээний байгууллага болон олон бүтцээр ажиллаж, Биеийн тамир, спортын салбар бусад салбаруудын нэгэн адил хүнд үеийг туулсан юм. Улмаар 2003 онд Биеийн тамир, спортын тухай хууль батлагдаж, 2005 онд төрийн захиргааны байгууллага байгуулагдаж, 2009 онд Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан. Ингэснээр  тамирчид, дасгалжуулагчдын нийгмийн асуудлыг дээшлүүлэхээр  Засгийн газрын тогтоолоор мөнгөн шагнал, сар бүрийн урамшууллыг олгодог болсон зэрэг олон ажлууд хийгдэж, төр засаг бодлогоор дэмжиж эхэлснээр спортын амжилтууд ар араасаа гарч, Биеийн тамир, спортын салбарын тогтолцоо сайжирч, бие даан хөгжих таатай боломж бүрдэж эхэлсэн.Харин миний хувьд БСШУСЯ байгуулагдсан нь биеийн тамир спортын салбарын хөгжилд шинэ шатыг авчирсан зөв шийдэл болсон гэж үзэж байгаа. Учир нь боловсролын болон биеийн тамирын асуудал нэг яамны чиг үүрэгт багтдаг болсноор хоёр салбарын бодлого, зохицуулалтын уялдаа холбоо сайжирч, бие бялдрын боловсролыг системтэй, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бага наснаас нь цэцэрлэг, сургуулиар дамжуулан олгох асуудал илүү боловсронгуй, шийдлээ олоход дөхөм болсон гэж бодож байна.

-Бидний дунд спорт гэхээр олимпоор л төсөөлдөг. Тив, дэлхийн тэмцээнд тамирчдаа амжилттай оролцуулах нь энэ салбарын үндсэн үүрэг юм шигээр ойлгох хандлага бий. Гэтэл дэлхий дахинаа салбарын талаарх ойлголт хувьсан өөрчлөгдөж, зөвхөн спорт,  тамирчдын асуудал биш нийгмийн хөгжлийг тодорхойлогч  хүчин зүйл гэж үзэж  байна шүү дээ?

-Манайд саяхан болтол тийм ойлголт байсан, зарим нь одоо ч тийм ойлголттой байхыг үгүйсгэхгүй. Дэлхийн улс орнууд иргэдийнхээ боловсрол, эрүүл мэндийн асуудлыг биеийн тамир, спорттойуялдуулан цогцоор шийдвэрлэдэг болсоор удаж байна. Биеийн тамир, спортыг хүний хөгжлийн болон нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол түлхүүр болгон хөгжүүлэх талаар Нэгдсэн Үндэсний Байгууллагын 2015 онд гаргасан ”Тогтвортой хөгжлийн зорилт 2030” хөтөлбөр, “Бие бялдрын боловсрол, идэвхтэй хөдөлгөөн, спортын харти”, “Берлиний тунхаглал”-ын үзэл баримтлалд маш тодорхой тусгасан байгаа. Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах учиртай. Түрүүн би хэлсэн. Төрийн зөв оролцоо, дэмжлэг бий болсноор спортын амжилт тив, дэлхий, олимпын түвшинд хүн амынхаа тоотой харьцуулбал үсрэнгүй амжилт гаргаж байна гэж хэлж болохоор амжилтыг үзүүлж байна. Энэ нь хөгжиж байгаагийн л илрэл. Гэхдээ зөвхөн энэ амжилтаар салбарын хөгжлийг тодорхойлж болохгүй. Биеийн тамир, спортыг бүх нийтийг хамарсан үйлс болгох, өөрөөр хэлбэл идэвхитэй хөдөлгөөн, бие бялдрын боловсролыг биеийн тамир спортоор дамжуулан системтэйгээр, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эрүүл чийрэг байх мэдлэг, чадвар, дадлагаолгох насан туршийн боловсролд эзэмшүүлэх асуудал салбарын хөгжлийн үндсэн үзүүлэлт болдог.Ганц жишээ дурьдахад урд хөршийн нэг хүнд ногдох талбайнаас 6.8 дахин бага талбай манай улсын нэг хүнд ногдож байна гээд ярьвал олон л юм ярихаар байна.

-Биеийн тамир, спортын салбарт зарцуулагдаж буй төсөв хөрөнгө бусад улс орнуудад ямар байдаг юм бол. Манай төсөв тухайн салбарын хөгжилд биш голдуу урсгал зардалд зарцуулагдаад байх шиг?

-Биеийн тамир, спортын салбарын зардлыг ДНБ-ний 1.5 хувьд хүргэснээр тухайн улс орны  салбарт тавьж буй бодлого ямар байгааг илэрхийлж, тэр чинээгээрээ ард иргэдийнх нь эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн түвшинг тодорхойлдог. Манай биеийн тамир, спортын салбарын нийт төсөв 2017 оны улсын төсвийн 0.49 хувь, БСШУС-ын сайдын төсвийн багцын хоёр хувьбайна. Санхүүжилтийн  60 гаруй хувь нь цахилгаан, дулааны зардалд, 30 орчим хувийг цалин бусад зардалд, үлдсэн 10 хүрэхгүй хувийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд зарцуулж байна. Нэг хүнд оногдох биеийн тамирын зардал 258 төгрөг байгаа нь биеийн тамир спортыг бүх нийтийн үйл хэрэг болгох, өдөр тутмын амьдралын хэрэгцээ болгох зорилтыг хэрэгжүүлэхэд үнэхээр хангалтгүй байна. Иймд, эхний ээлжинд биеийн тамир, спортын салбарын төсвийн багц дотор нь санхүүжилтийн зохицуулалт хийх, цаашдаа үе шаттайгаар төсвийг нэмэгдүүлэн дэлхий нийтийн жишигт ойртуулахын тулд дор хаяж нэг хувьд хүргэх зорилтыг тавин  ажиллаж байна.

-Та сая  биеийн тамирыг бүх нийтийн үйлс болгоно гэлээ. Энэ хүрээнд ямар бодлого баримтлах  вэ?

-Бүх нийтийн үйлс гэхээр эхийн хэвлийд байгаа хүүхдээс эхлээд  ахмад настан хүртэл бүх насны иргэдэд хамааралтай ойлголт юм. Яагаад эхийн хэвлийд байгаа хүүхэд гэхээр зөв гэр бүл төлөвлөлтөд эцэг, эх болж буй залуусын  бие бялдар, эрүүл мэндийн асуудал маш чухал. “Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө” гэдэг шүү дээ. Хүүхдийн бие эрүүл, чийрэг байх нь тэднийг идэвхитэй, эрч хүчтэй, тэсвэр хатуужилтай, болгохоос гадна, тэдний суралцах, хөгжихөд чухал нөлөөтэй. Тэгэхээр, хүүхдийг бага насанд нь эрүүл амьдрах дадал, хэвшлийг эзэмшүүлж чадвал насан туршид нь хадгалагдан эрүүл мэндэд нь сайнаар нөлөөлж, байгаль, нийгэмтэйгээ харьцах зөв харьцааг төлөвшүүлж, өөртөө итгэлтэй, өөдрөг, баяр баясгалантай, дарамтгүй, сэтгэл санааны тайван байдал бүрдэж, чанартай амьдралын баталгаа болдог.Манай улсын хувьд сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд олгогдож байгаа энэхүү мэдлэг нь төдийлөн хангалттай биш байна. Иймээс хүүхэд бүрт цэцэрлэгийн наснаас нь  эхлэн бие бялдрын боловсрол олгох явдал нь хамгийн үр дүнтэй арга болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн. Тиймээс бид сургуулийн өмнөх болон ЕБС-ийн насны хүүхдүүдийн боловсролын тогтолцоог дахин нэг эргэж  харах цаг ирсэн гэж үзэж байна.

-Намайг дунд сургуулийн сурагч байхад эцэг, эх маань биеийн тамирын хичээл чухал  биш бусад хичээлээ л сайн давт гэдэг байсан. Тиймээс ч энэ хичээлийн ач холбогдлыг төдийлөн ойлголгүй төгссөн байх. Одоогийн ЕБС-ийн хичээлийн агуулга, хөтөлбөр, цаг хангалттай байна уу?

-Биеийн тамирын хичээл нь хувь хүн эрүүл, эрүүл зан үйлтэй байх, хамт олон багаар ажиллах чадвартай,хурдтай хүлээцтэй, тэвчээртэй,зорилгодоо хүрэх,тууштай шударга, эв нэгдэлтэй байх чадварыг төлөвшүүлж олгодог. Хүүхэд ахуй насандаа олж авсан бие бялдрын боловсрол нь  насан туршийн амьдралын хэрэгцээг хангаж байдаг.Манай улсад  ЕБС-д биеийн тамирын хичээл 7 хоногт хоёр удаа 40 минутаар орж байна. ДЭМБ-аас хүүхэд, залуучууд 7 хоногт таваас доошгүй өдөр 90 минутаар биеийн тамир,спортоор эрчимтэй идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх зөвлөмж гаргасан. Иймд биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгож, хүүхэд залуусын  хэрэгцээ шаардлагад нийцсэн, сонирхолтой, системтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй болгох шаардлагатай байна.Биеийн тамирын хичээлийн сурах бичиг,гарын авлага зөвлөмжийг сурагч,оюутан, эцэг эхийн бие бялдрын боловсролд зориулан боловсруулах хэрэгцээтэй байна.

Сургуулиудын спорт заалыг зориулалтын бусаар

ашигладаг байдлыг хална

-Сургалтын орчин, заалны хүртээмж, хүрэлцээ хангалттай байна уу.  Ихэнх сургуулиуд заалаа  түрээсэлсэн, секц дугуйлан хичээллэх боломжгүй байдаг  юм  биш үү?

-Ерөнхий боловсролын болон их дээд сургуулийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөр агуулгыг сайжруулах, орчин нөхцлийг бүрдүүлэх, заал, талбайн ашиглалтыг хүртээмжтэй болгох, хүний нөөцийг чадавхижуулах, салбарын ажилтны нийгмийн асуудлыг шийдэхээр Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, яамны үйл ажиллагааны төлөвлөгөөнд олон ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгаж,  эхлүүлээд байна. Нэн тэргүүнд сургуулиудын спорт заалыг зориулалтын дагуу зөвхөн сурагчдын биеийн тамирын хичээл, секц дугуйлан явуулахад ашиглах, мөнгө олох хэрэгсэл болгон түрээсэлдэг байдлыг хичээлийн жилийн хугацаанд хязгаарлах шаардлагатай байгаа юм.Улсын хэмжээнд 1962  биеийн тамирын багш ажиллаж, нэг багшид 272 сурагч оногдож байгаа нь багшийн ачааллыг нэмж, хичээлийн стандарт шаардлагыг хангахгүй байна. Биеийн тамирын нэг хичээлийн цаг дээр 2-3 анги зэрэг орж байгааг өөрчилж нэг цаг дээр нэг л анги ордог болгох шаардлагатай байгаа юм. Жишээ нь нийслэлд төрийн өмчийн ерөнхий боловсролын 38 сургууль биеийн тамирын заалгүй байна.Иймд сургууль бүрийг биеийн тамирын заалтай болгохын тулд үе шаттай арга хэмжээнүүдийг авч,  хичээлийн цагийг нэмэгдүүлж, секц, дугуйлангийн үйл ажиллагааг үнэлдэг болгоно. Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөтөлбөрийн хүрээнд мэргэжилтнүүдээ мэргэшүүлэх, чадавхижуулах, карьерын зарчмын дагуу шат шатны байгууллагуудад  шатлан ажиллах тогтолцоог бий болгоход анхаарлаа хандуулж ажиллана.

-Дэлхийн ихэнх улс орны их дээд сургуулиудад  биеийн тамирын хичээлийн цаг хангалттай байдаг.Манайд биеийн тамирын хичээл  их, дээд сургуулийн заавал орох  хөтөлбөрт багтдаг ч батлагдсан кредит цаг байдаггүй.Тэгэхээр биеийн тамирын хичээл ордог гэж үзэх үү, ордоггүй гэж үзэх үү?

-Оюутан залуус  маань бие бялдрын хөгжлийн үзүүлэлт дээд түвшинд байх насан дээр байдаг. Гэвч яг энэ үед нь биеийн тамирын хичээлийг судлах, хичээллэх тодорхой тогтоосон кредит цаггүй, нээлттэй орхисон нь оюутнууд биеийн тамирын хичээлд оролцох сонирхолгүй болгоход хүргэсэн. Чөлөөт цагаараа биеийн тамир, спортоор хичээллэхгүй, хичээллэх орчин нөхцөл төдийлөн сайн бүрдээгүйгээс болж цэргийн насны залуусын 40 гаруй хувь нь цэрэг татлагад бие бялдрын хөгжил, эрүүл мэндээрээ тэнцэхгүй байна.Иймд биеийн тамирын хичээлийн агуулга, хөтөлбөрийг шинэчлэх, секц дугуйлангийн цагийг нэмэгдүүлэх, биеийн тамирын хичээлийн орчинг сайжруулах, багш, оюутны мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх хүний нөөцийн чадамжийг дээшлүүлэх, биеийн тамирын хичээлийг сонгоноор биш заавал 3 кредит орж байх, тухайн сургуулийн заал талбайг зөвхөн оюутан залуучууст зориулдаг болгох шаардлагатай.

-Манай улсын хүн амын хэдэн хувь нь биеийн тамираар хичээллэж байна. Хэрхэн ард иргэдээ биеийн тамирын боловсролтой болгох вэ?

-Манай иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх идэвхи сонирхол жил бүр нэмэгдэж, давхардсан тоогоор 1.7 саяд хүн нийтийн биеийн тамирын үйл ажиллагаанд хамрагдан улсын хэмжээнд 280 мянга гаруй иргэн спортоор тогтмол хичээллэж байна гэсэн статистик мэдээлэл бий. Гэвч хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг бүх ард түмний дунд явуулж, жил бүр нийт хүн амын 20 гаруй хувь нь хамрагддаг болсон нь сайшаалтай. 2014 оны судалгаагаар хүн амын 54.4 хувь буюу хоёр хүний нэг нь илүүдэл жинтэй, дөрвөн хүний нэг нь хөдөлгөөний хомсдолтой, иргэдийн 59.1 хувь нь бие бялдрын хөгжлийн зохих түвшинд хүрээгүй гэсэн үзүүлэлтүүд гарч байгаа нь хүн амын биеийн тамирын боловсрол ямар түвшинд байгааг харуулж байна. Иймд энэ асуудал дээр салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог эрчимжүүлэх, салбарууд өөрсдийн ажиллагсадынхаа эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, боловсролд илүүтэй анхаарч, манай салбараас гарсан бодлогуудыг амьдралд бодитоор хэрэгжүүлэх үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй байна. Иргэд өөрсдөө сайн дураараа бие бялдрын чийрэгжилтийн түвшин тогтоох сорилд хамрагддаг болгох, өөрөө өөрийнхөө бие бялдрын хөгжлийн түвшинг хянадаг тогтолцоо, аргачлалыг улам боловсронгуй болгох, биеийн тамир, чийрэгжилтийн магадлан итгэмжлэлийг хэрэгжүүлэх гээд олон тодорхой ажлуудыг эхлүүлээд байна.

-Биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд төрийн дэмжлэг, оролцоо зайлшгүй шаардлагатай.Олон улсын жишгээр хөгжих хууль эрх зүйн орчин боломж хэр бүрдсэн бэ?

-Төрийн зөв оролцоо, дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Төр дангаараа бүх ачааг нуруун дээрээ үрэх боломжгүй гэдэг нь амьдрал дээр  нотлогдож байна. Бид төрийн болон төрийн бус байгууллагууд, хувь хүний санал санаачлага, идэвхи, хувь нэмрийг хөхиүлэн дэмжиж хүчээ нэгтгэх учиртай. Биеийн тамир, спортын салбарт улсын бүртгэлээр 900 гаруй төрийн бус байгууллага бүртгэгдсэнээс 72 спортын холбоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж нийт 8000 гаруй мэргэжлийн хүмүүс салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Энэ бол чамлахааргүй дэм. Гагцхүү тэдний зүгээс биеийн тамир, спортын чиглэлээр бие даан хэрэгжүүлж буй үйл ажиллагааг нь нэгдсэн мэдээлэлд оруулах тогтолцоо алга байна. Олон улсын түвшинд биеийн тамир, спортын салбарын гол үйл ажиллагаа  төрийн бус байгууллага дээрээ тулгуурлан хэрэгждэг. Цаашид биеийн тамир, спортын салбарыг олон улсын жишгээр хөгжүүлэх, төрийн оролцоог аажмаар багасгах, төрийн бус байгууллагад төрийн зарим чиг үүргийг гэрээгээр өгөх эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр ажиллаж байна. Хэдийгээр, Монголын спортын холбоод төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх хэмжээнд төлөвшиж чадаагүй, спортын холбоодын чадавхи харилцан адилгүй байгаа ч тодорхой шаардлага тавьж, гүйцэтгэж чадах ажил үйлчилгээг нь хийлгэх болно.  Мөн спортын холбоод, клубын үйл ажиллагаандаа дагаж мөрдөх стандарт, дүрэм, журмыг эхнээс нь боловсруулан гаргаж эхэлсэн. Нийтлэг хөгжсөн спортын төрлүүдийн сургалт-дасгалжуулалт, орчин, хэрэглэл материалын стандартуудыг нь нэн түрүүнд үе шаттай боловсруулан батлуулахаар идэвхтэй ажиллаж байна. Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг боловсруулан УИХ-д өргөн бариад байна. Засгийн газрын “Тусгай сан”-гийн тухай хуульд “Спортыг дэмжих сан”-г оруулсан, “Монгол улсын спортын цол, зэрэг олгох журам” “Үндэсний шигшээ баг бүрдүүлэх, тамирчдын сонгон шалгаруулах журам”, “Ахлах дасгалжуулагчиг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус шинэчлэн боловсруулж баталлаа. Ер нь бол эрх зүйн орчин тодорхой хэмжээгээр сайжирч байна. Нэг дор бүгдийг хийх боломжгүй юм.

-Манайх жилийн  дөрвөн улиралтай өвлийн спортыгч зуны спортыг хөгжүүлэх боломж байгаа гэж харж байна. Спортын төрлүүдийг яаж хөгжүүлэх ёстой юм бол?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар багийн болон үндэсний спорт, өвлийн спортыг хөгжүүлэх зарлиг гарч, зарлигийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Жил бүр зохион байгуулагддаг улсын аварга шалгаруулах тэмцээн, наадмын үндсэн хөтөлбөрт өвлийн, багийн спортын төрлүүдийг оруулж орон даяар зохион байгуулж байгаа нь тухайн спортын төрөл хөгжихөд том түлхэц болж байна. Энэ ч утгаараа олон улсын тэмцээн, наадмаас сагсан бөмбөг, хөлбөмбөг, хоккейн төрлүүд медаль авч Азийн орнуудтай эн чацуу өрсөлдөгч болсон. Төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулах зорилгоор төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, Монгол улсад зохион байгуулагдах олон улсын тэмцээн, улсын аварга шалгаруулах, тэмцээн, наадмыг спортын холбоодтой гэрээ байгуулан гүйцэтгүүлж жилдээ 15-18 олон улсын тэмцээн, 20-25 улсын аварга шалгаруулах тэмцээн, наадмыг спортын холбоодоор гүйцэтгүүлж, 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт үзүүлэн ажиллаж байна. Жилд дэмжлэг үзүүлэх спортын холбоодын тоог нэмэгдүүлж,  санхүүгийн дэмжлэгийг ч нэмэгдүүлж байна.  Бид 2017 онд “Оюутны спортын их наадам, 2020 онд “Азийн хүүхдүүд олон улсын хүүхдийн спортын наадам”-ыг эх орондоо  зохион байгуулах гээд бэлтгэл ажлаа эхлүүлээд явж байна. Спортын төрлөөр олон улсын хэмжээний спортын арга хэжээнүүдийг эх орондоо зохион байгуулах нь тухайн спортыг олон улсын жишигт хүргэн хөгжүүлэхэд асар их туршлага хуримтлуулж, олон талын ач холбогдолтой байдаг.

-“РИО 2016” олимпийн наадмын үеэр Г.Мандахнарангийн барилдаан, дасгалжуулагч нарын авир нэлээд шуугиан дагууллаа.Ёс зүйтэй холбоотой заалтууд тусгагдсан уу?

-Биеийн тамир, спортын салбарын амжилт өсөхийн хэрээр тамирчид, дасгалжуулагчдын ёс зүй, хариуцлагын асуудал илүү ихээр анхаарлыг татдаг болсон.  Өнгөрсөн олимпийн циклд манай тамирчидтай холбоотой хэд хэдэн допинг, ёс зүйн асуудал гарсан нь улс орны нэр хүндэд нөлөөлж, үйл ажиллагаа явуулах эрхээ хүртэл хасуулсан нь маш том сургамж болсон. Бид допингийн эсрэг олон улсын конвенци, тунхаглалд нэгдэж орсон ч өнөөг хүртэл дотоодын тэмцээнд допингийн хяналт тавьж чадахгүй байсаар байна. Энэ нь хөрөнгийн асуудал, мөн дотооддоо мөрдөх эрх зүйн харилцааг бүрдүүлж чадахгүй байгаатай холбоотой. “Спортыг дэмжих сан”-гийн хөрөнгөөр 2017 онд дотооддоо тэмцээний болон тэмцээний бус үеийн допингийн хяналтын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мөн допингийн эсрэг эрх зүйн орчинг бүрдүүлэх үүднээс “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлд тодорхой зохицуулалтыг тусгаж өгч, хуулийг дагаж гарах дүрмийн төслийг бэлтгэж байна.БСШУС-ын яамнаас тамирчид, дасгалжуулагчдын ёс зүй, хариуцлагыг дээшлүүлж, өндөржүүлэх тал дээр анхааран ажиллана.

Танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх