Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Малчдыг орлоготой, махны үнийг өсгөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэв
Манай орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, 15 аймгийн 64 суманд өвөлжилт хүндрээд байна. Цаашид цас нэмж орж, хүйтэрвэл нийт 17 аймгийн 127 суманд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгаа юм.
Иймд малчдыг орлоготой байлгах, хот, суурин газруудад махны хомсдол үүсгэж улмаар үнийг нь нэмэгдүүлэхгүйн тулд мах бэлтгэлийг нэмэгдүүлэх ажлыг чиглэлээр шуурхай зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайдад даалгалаа. Юуны өмнө өвөлжилт хүндрэх эрсдэлтэй дээрх 17 аймгийн 127 сумын малчдаас 30 хүртэл мянган тонн махыг хот, суурин газрын хүн амын хэрэгцээнд зориулан худалдан авч нөөцлөхөөр боллоо. Мал, мах бэлтгэхэд шаардлагатай санхүүжилтийг арилжааны банкуудын эх үүсвэрээр шийдвэрлэж, арилжааны зээлийн хүүгийн төлбөрийг ХХААХҮ-ийн сайдын урамшууллын зардлаас гаргах юм.
“Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр замын шугамын чигийг тогтоов
“Орхон аймгийн Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын уурхай хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чиг”-ийг баталлаа.
Төмөр замын суурь бүтцийн техник, эдийн засгийн үндэслэл, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, батлагдсан чигийн координатыг Үндэсний орон зайн мэдээллийн санд бүртгэхийг холбогдох сайд, агентлагийн даргад даалгав.
Эрдэнэт-Овоотын төмөр зам ашиглалтад орсноор Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ашигт малтмалын орд газруудын бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх, аялал жуулчлал нэмэгдэх зэрэг давуу тал бий болно.
Мөн “Сайншанд” зэрэг аж үйлдвэрийн цогцолборт ашигт малтмалын гаралтай түүхий эд нийлүүлэх боломж бүрдэх юм. Орд газрууд, аж үйлдвэрийн цогцолбор болон хот, суурин газруудыг төмөр замаар холбож нэгдсэн сүлжээтэй болно. Түүнчлэн ОХУ-БНХАУ-ыг холбосон төмөр замын шинэ чиглэл нэмэгдсэнээр ачаа эргэлтийн хэмжээ үлэмж өсч, дамжин өнгөрөх болон далайн чинадад бүтээгдэхүүн хүргэх тээвэр нэмэгдэнэ гэж тооцоолж байна.
“Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр зам 542 км урттай, үндсэн хоёр өртөө, найман зөрлөгтэй байх юм. Тээх чадвар нь 22.2 сая.тн/жилд, тээх ачааны хэмжээ 20 сая.тн/жилд, нэвтрүүлэх чадвар хоногт 16 хос галт тэрэг байх юм. Төсөр замын суурь бүтцийг барьж байгуулах урьдчилсан төсөвт өртөг нь 1.3 тэрбум ам.доллар.
Овоотын нүүрсний орд газраас жилд 10 сая тонн бүтээгдэхүүн гаргаж тээвэрлэхээр тооцоолж байгаа бөгөөд цаашид Овоот-Арцсуурь чиглэлийн төмөр замыг гүйцээн барьж Тува Улсын Кызыль хоттой холбоно. Ингэснээр 2.5 тэрбум тоннын батлагдсан нөөцтэй Улуг-Хемийн ордоос жилд 47 сая хүртэл тонн нүүрсийг дамжуулан тээвэрлэх боломжтой болох юм байна.
Баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг хязгаарлах санал боловсруулна
Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийв.
Манай улс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэсэн хуультай. Энэ нь жолооны хүрд зүүн талдаа байхаар тооцож хууль, дүрэм, журам, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын бусад үзүүлэлтийг тогтооно гэсэн үг юм.
Гэвч импортоор оруулж ирэх автомашины жолооны хүрдний байрлалд хязгаарлалт тогтоогоогүй учир сүүлийн 10 гаруй жил баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импорт эрс нэмэгджээ. Судалгаанаас үзвэл улсын хэмжээний нийт автомашины 48, Улаанбаатар хотын нийт автомашины 55 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад замын үзэгдэх орчин чухал бөгөөд баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашинаар гүйцэж түрүүлэх, тойрон гарах хийх үед харах талбай 20-70 градусаар багасдаг нь осол гарахад голлон нөлөөлдөг байна. 2015 онд гарсан 41064 ослын 64,4 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй холбоотой байжээ.
Мөн хуралдаанаар насжилт өндөртэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах талаар салбарын сайдын танилцуулгыг сонслоо.
2016 оны жилийн эцсийн байдлаар тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэлтэй 831552 тээврийн хэрэгсэл байгаагийн 766019 нь автомашин, үлдсэн нь механизм, чиргүүл, мотоцикль байна.
Зургаагаас дээш жилийн насжилттай автомашиныг өндөр насжилттай гэж олон улсад үздэг бөгөөд манай орны хувьд бүртгэлтэй автомашины 90 орчим хувь нь зургаагаас дээш жилийн насжилттай байна.
Өндөр насжилттай тээврийн хэрэгсэл, түүн дотроо суудлын автомашины эзлэх хувь буурахгүй байгаа төдийгүй агаарын бохирдол, зам, тээврийн ослын ихэнх хувь насжилт өндөр машинтай холбоотой байгаа нь судалгаагаар тодорхой болжээ.
Танилцуулгатай холбогдуулан баруун талдаа жолооны хүрдтэй болон насжилт өндөр автомашины импортыг хязгаарлах талаар тодорхой санал, шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулахыг салбарын сайдад даалгалаа.
15 сумын Эрүүл мэндийн төвд автомашин олгохоор боллоо
Өвөлжилт хүндэрч байгаа зарим аймаг, суманд улсын нөөцөөс 2410 тонн өвсийг үнэгүй, 1700 тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан олгохоор боллоо. Мөн орон нутгийн иргэд, малчдад эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор нэр бүхий 15 сумын Эрүүл мэндийн төвд УАЗ маркын машин олгохоор Засгийн газрын тогтоол баталлаа.
“Чингис хаан” төслийг дэмжиж хамтран ажиллахыг үүрэг болголоо
Аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан үйлчилгээг шинээр бий болгох ажлын хүрээнд зохион байгуулах “Чингис хаан” төслийг дэмжиж хамтран ажиллахыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК-д Засгийн газрын тэмдэглэлээр үүрэг болголоо.
“Чингис хаан” төслөөр 1200 зураг бүхий мультмедиа болон бусад хэлбэрээр “Монголын нууц товчоо”-гоор Монгол Улсыг сурталчлах юм. Төслийн хүрээнд Д.Сүхбаатарын талбайд үзэсгэлэнгийн байгууламжууд байгуулж, 2017 оны 06 дугаар сарын 01-нээс эхлэн зургаан сарын турш гадаад, дотоодын иргэдэд үйлчлэх юм. Энэ хугацаанд үзэсгэлэнг 1.4 орчим сая хүн үзэж, төслийн хүрээнд 4-5 тэрбум төгрөгийн татварын орлого оруулж, Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгээр авсан зээлээ хугацаанд нь бүрэн барагдуулна гэж төслийн багийнхан тооцжээ.
“Чингис хаан” шинэ зууны бүтээлч төсөлд 2.5 сая ам.доллар шаардлагатай бөгөөд уг зээлийг 2 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож, дэмжлэг үзүүлэхийг Монгол Улсын Засгийн газраас хүсч байгаа юм.
ҮАБЗ-ийн зөвлөмжид заасан хууль, шийдвэр хөтөлбөрийн төслийг яаралтай боловсруулж танилцуулахыг үүрэг болголоо
Энэ сарын 10-нд болсон Үндэсний аюулгүй байдлын өргөтгөсөн хуралдааны зөвлөмжид
· Агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үзэж онцгой байдлын горимоор ажиллах, гамшгийн бүс тогтоож хориглох зүйлийг гаргах, нүүлгэн шилжүүлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулж холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах
· Төрийн захиргааны төв байгууллагууд төмөр зам, их дээд сургуулиуд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх,
· Агаар, орчны бохирдлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх үүрэг, хариуцлагын тогтолцоог бий болгох
· Орчны бохирдлыг бууруулахад иргэд байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зөвлөмж болгосон.
Зөвлөмжид заасан хууль, шийдвэр, хөтөлбөрийн төслийг яаралтай боловсруулж, Засгийн газрын 2017 оны хоёрдугаар сарын эхний долоо хоногийн хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Товч мэдээ
-Халдварт өвчнөөс сэргийлэх үндэсний хөтөлбөрийг баталлаа.
-Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам болон “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-д өөрчлөлт орууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.