Сүхбаатар аймгийн гаралтай сэтгүүлчид өнгөрөгч бямба гарагт “Монголика” цогцолборт чуулж, “Талын түрлэг” хэмээх төрийн бус байгууллагыг байгууллаа.
Гурван жилийн өмнөөс нийгмийн сүлжээнд нэгдэж, мэдээллээ хуваалцан, сүхбаатарчуудаа дэмжиж ирсэн энэ хамт олон албан ёсны зохион байгуулалтанд шилжиж, удирдлагын багаа сонгосон юм. “Талын түрлэг” ТББ-ын тэргүүн буюу Удирдах зөвлөлийн даргаар сэтгүүлч Э.Ирэхбаяр /АЗХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан/, УЗ-ийн гишүүнээр сэтгүүлч Г.Учралсайхан /Zaluu.com сайтын Гүйцэтгэх захирал/, Ч.Оюунгэрэл С1 телевизийн продюсер/, Ж.Цэсэн /Чөлөөт сэтгүүлч/, Д.Улаанхүүхэн /Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч/ нар сонгогдлоо. Харин Удирдах зөвлөлөөс ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн сэтгүүлч, редактор Б.Төгсжаргалыг нарийн бичгийн даргаар томилж, ахмад сэтгүүлч, яруу найрагч С.Амартайван, Н.Лутбаяр, МСНЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга С.Алтанцэцэг, иргэний сэтгүүлзүйн төлөөлөгч, нийгмийн зүтгэлтэн Л.Бор нарыг зөвлөх багтаа урьжээ.
Сүхбаатар аймагт төрж өссөн, уг нутгаас гаралтай сэтгүүлчдээс бүрдсэн “Талын түрлэг” фэйсбүүк групп нь өдгөө ная орчим гишүүнийг эгнээндээ нэгтгээд байгаагаас өнөөдрийн байдлаар 40 гаруй нь сэтгүүлзүйн салбарт мэргэжлээрээ ажиллаж байгаа аж. Энэ удаагийн чуулганд мөн 40 орчим сэтгүүлч оролцсон байна.
Чуулганы үеэр сэтгүүлч төрөлх нутгийнхаа хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Ч.Оюунгэрэл, Г.Учралсайхан нарыг Сүхбаатар аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр, “Үндэсний шуудан” сонины Ерөнхий эрхлэгч С.Ононтуулыг Засаг даргын “Жуух бичиг”-ээр тус тус шагналаа. Мөн МСНЭ-ээс сэтгүүлч Б.Төгсжаргал, Ч.Оюунгэрэл нарын энгэрийг “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр мялаав.
Сэтгүүлчид нийгэмд өрнөж буй аливаа үйл явдлыг бусдаас түрүүлэн мэдээлж, асуудлыг хөндөн олон нийтийн анхааралд оруулж ирдэг гэдэг утгаараа “Талын түрлэг” ТББ нөлөөллийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж, ёс зүйтэй байж, нийгэмд эерэг мэдээллийг түлхүү түгээхэд анхаарч ажиллана. “Талын түрлэг”-т хэдийгээр Сүхбаатар аймгийн сэтгүүлчид нэгдэж байгаа ч гэлээ улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг телевиз, сонин, сайт гээд хэвлэл мэдээллийн бүхий л салбарын төлөөлөл байгаа учраас бидний үйл ажиллагаа ч гэсэн зөвхөн Сүхбаатар аймгаар хязгаарлагдахгүй гэж тэргүүн Э.Ирэхбаяр мэдэгдсэн юм.