МҮОНРТ-ийн ММ Агентлаг, Зочны цаг нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Б.Жавхлан зочноор уригдаж ярилцлага өглөө.
-Хөгжлийн банкны тухай хууль эрх зүйн орчныг 2011 онд гаргасан, одоо энэ хуулийн 50 гаруй хувийг дахин шинэчилнэ гэсэн мэдээлэл байна. Та энэ хуулийн төслийг санаачилсан гишүүний хувьд мэдээлэл өгнө үү.
-Сүүлийн үед ХБ-ны асуудлыг тойрсон 3 багц асуудал явж байгаа.
Нэгдүгээрт: 8, 9 сард тус банканд хийгдсэн шалгалтын дүн.
Хоёрдугаарт: ХБ-тай холбоотой зарим арга хэмжээнүүдийг авахтай холбогдуулсан УИХ-ын тогтоолын төсөл гэж явж байгаад сая дууслаа.
Гуравдугаарт: ХБ-ны тухай хуульд оруулах шинэчилсэн найруулгын хуулийн төслийг миний бие, хорооны гишүүдийн хамтаар өргөн барьсан. Энэ гурван багц асуудал байгаа. ХБ-ны шалгалттай холбоотой асуудал бол тусдаа явж байгаа. Улсын Их Хурал болон Байнгын хороон дээр шалгалттай холбоотой асуудал учраас нууцын зэрэглэлтэй хэлэлцсэн. Үүнийг олон нийтэд ил болгох тал дээр шийдвэр гаргаад Ж.Энхбаяр гишүүнээр ахлуулсан тусдаа ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Удахгуй энэ асуудал олон нийтэд ил болно. Энэ нь ч зүйтэй хэлбэр юм.
Тогтоолын хувьд олон нийт сайн мэдэж байгаа, энэ талаар УИХ дээр маш нээлттэй хэлэлцсэн. Тус тогтоол 2016 онд багтаж гарсан нь ХБ-ны цаашдын үйл ажиллагааг тогтворжуулах, одоо байгаа зээлжих зэрэглэлийг энэ түвшинд нь байлгах тал дээр маш чухал ач холбогдолтой ийм шийдвэр юм. ХБ-ны тухай хуульд оруулах шинэчилсэн найруулга нь үг хэллэгийн хувьд 50%-иас дээш өөрчлөлт орж байгаа учраас энэ бол нэмэлт өөрчлөлт биш бүхэл бүтэн шинэчилсэн найруулгын хэлбэрээр орно.
Шалтгаан нь бол олон нийтэд бараг ил тод болчихсон, үнэхээр энэ банк өнөөдөр зах зээлийн зарчмаараа ажиллаж чадахгүй байна, улс төрөөс хараат байна. Ямар бондууд босгосон нь ил байгаа мөртлөө, хэнд ямар зээл олгосон нь тодорхойгүй, ХБ өөрөө Хөгжлийн бэрхшээлтэй банк болчихлоо гэсэн хэллэг хүртэл гарсан байна.
Одоо хүчин төгөлдөр байгаа хууль нь хуулийн хувьд бол тийм ч муу хууль биш. Сүүлийн жилүүдэд болсон энэ үйл явдлууд нь эргээд харахад энэ хуулийг илт гуйвуулсан, хуулийн цоорхойг нь ашигласан, мөн хуулиар зохицуулагдаагүй зүйлүүдийг буруу зөрүү тайлбарласан ийм байдлууд бол ажиглагдаж байгаа. Дээрээс нь хувь хүмүүсийн хариуцлагын асуудал байгаа. Эдгээр зүйлүүдээс болоод энэ банкны өнөөдрийн нөхцөл байдал бий болоод байгаа. Тэгэхээр богино хугацаанд яаралтай энэ хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай болж ирж байгаа юм.
-Та сая цоорхой гэдэг асуудал хөндлөө л дөө. Энэ хуулинд ямар гажуудал байгаа учраас хүмүүс үүнийг нь ашиглаад өнөөдөр ийм их хэмжээний өр төлбөрийн асуудал үүсчихсэн юм бэ? Миний авсан мэдээллээр ХБ байгуулагдсан цагаасаа олгосон нийт зээлийн ердөө 7,8% нь эргэн төлөгдсөн, 92,2% нь хугацаандаа төлөгдөөгүй байна гэсэн байна.
-Жишээ нь ХБ-ны тухай одоогийн хуулин дээр Засгийн газраас олж ирсэн тусгай зориулалтын эх үүсвэрүүд, ХБ өөрөө санхүүгийн зах зээл дээрээс босгосон эх үүсвэрүүдийн зарцуулалтуудыг нарийн зохицуулж зааглаж өгөөгүйгээс болоод өнөөдөр ХБ-ны нийт баланс 5 их наяд гэж бодоход 3,3 буюу 70 гаруй хувь нь дараа төсвөөс эргэн санхүүжүүлэх нөхцөлтэй зээлүүд байж байгаа. Тэгэхээр төсвөөс эргэн санхүүжүүлэх боломжгүй, хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлүүд үүсээд, өөрөөр хэлбэл алдагдал бий болоод эргээд банкаа идэж эхэлж байгаа юм. Ингэхээр банк маань өөрөө оршин тогтнох эсэх нь тодорхойгүй болж байна. Тэгэхээр энэ асуудлыг сая оны эцэст гарсан тогтоолоор зохицуулсан. Гэхдээ хуулиндаа энэ зохицуулалтууд байхгүй байх жишээтэй. ХБ-наас санхүүжигдэх ёстой, хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн яаж зааж, үүнд нь ЗГ нь яаж оролцох вэ, яг мэргэжлийн байгууллага болох банк нь өөрөө ямар түвшинд шийдвэрээ гаргах вэ гэдгийг зохистой засаглалынх нь түвшинд нь зохицуулалтуудыг нь хийгээгүйн улмаас хэт улс төрөөс хараат, ЗГ-аас хараат, захиргаадалтын шинжтэй зээл, өр авлагууд банканд хуримтлагдсан. Эдгээр дотор сайн явж байгаа төслүүд байгаа. Олон нийтэд ил болохоор мэдэгдэнэ. Гэсэн хэдий ч дийлэнх нь ийм захиргаадалтын шинжтэй төсөл хөтөлбөрүүд болоод ирэхээр банк маань өөрөө бие даасан хараат бус байдал нь алдагдаад, арилжааны ашгийн төлөө байдал нь маш эрсдэлтэй болж ирж байгаа юм. Тэгэхээр энэ маань дунд болон урт хугацаанд банк өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах бизнесийн схем нь алдагдсан. Энийг эргээд бий болгох тал дээр энэ шалгалтын дүнгээс гарах арга хэмжээнүүд болон сая батлагдсан тогтоолын дагуу авах арга хэмжээнүүд, мөн хуулийн шинэ эрх зүйн орчны зохицуулалтууд нь энэ зүг чиглэгдэх ёстой.
-Тэгэхээр улс төрөөс хараат байна гэж байна. Яг энэ чиглэлээр ямар зохицуулалтуудыг хийсэн бэ?
Жишээ нь, одоо хүчин төгөлдөр байгаа хуулин дээр, ХБ-наас санхүүжигдэх хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг жил болгон УИХ-аар батална гэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ бизнесийн байгууллагын зээлийн бодлогыг улс төрийн байгууллага хэлэлцэнэ гэсэн үг юм. Тэгэхээр лобби, улс төрийн нөлөөнөл орж ирнэ гэсэн үг юм. Үүнийг шинэ хуулийн зохицуулалтаар байхгүй болгож байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улсын тогтвортой хөгжлийн үндсэн хөтөлбөр, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт нийцсэн байх төсөл хөтөлбөрүүдийг ХБ нь өөрөө мэргэжлийн байгууллагын хувьд шийдвэр гаргаж санхүүжүүлнэ гэж зааж өгсөн. ЗГ тусгайлан заагаагүй, өөрөө эх үүсвэрээ олж ирэн захиалга өгөхөөс бусад тохиолдолд УИХ дээр ч тэр, ЗГ дээр ч тэр ХБ-ны зээл хөтөлбөр санхүүжүүлэх хэлбэрүүдийг ярихгүй, зөвхөн мэргэжлийн байгууллага нь өөрөө тухайн төсөл хөтөлбөрийн санхүү, ТЭЗҮ-ээр тооцоолон шийдвэрээ гаргаад явна.
-Мэргэжлийн байгууллага гэдэгт яг ямар байгууллагыг хамааруулж байна вэ?
-Мэргэжлийн байгууллага гэдэг нь ерөөсөө ХБ-нь өөрийнх нь институцийг хэлж байгаа юм. МУХБ нь ашгийн төлөө төрийн байгууллага шүү дээ. Тэгэхээр нь энэ нь өөрөө яг банкны мэргэжлийн байгууллага байна гэсэн үг юм. Банкны эцсийн хувь нийлүүлэгч нь ЗГ байна гэж заасан байгаа. Тэгэхээр хувь нийлүүлэгч, мэргэжлийн байгууллага буюу ХБ хоёрын үйл ажиллагааны заагуудыг маш тодорхой заасан байгаа. Хувь нийлүүлэгч ямар асуудал дээр оролцох вэ? ХБ нь өөрөө зорилго чиглэл нь ямар байх вэ? Бие даасан шийдвэрүүд нь ямар түвшинд гараад явж байх ёстой вэ? Энэ нь эргээд ЗГ, төсөвт ямар нэгэн дарамт учруулахгүйгээр төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлээд, үр өгөөжөө тооцоод дунд урт хугацаанд өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах тэр нөхцөлийг хангах ёстой. Тэр мэргэжлийн байгууллагыг хэлж байгаа юм.
-Өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явна гэж та хэллээ. Мэдээж өнөөдөр маш их алдагдалтай байгаа нь бид бүхэнд асуудал болоод байна. Яг ийм эрх зүйн орчныг бүрдүүлснээр алдагдалгүй, ашигтай ажиллах боломж бий болох уу? хэдий хугацаанд бий болох вэ?
-Ер нь ирээдүйд бүрэн ийм боломж бий болно гэж харж байна. Сая өнгөрсөн оны эцэст гарсан тогтоолоор ХБ-ны тэр 5,6 их наядаас 3,3 их наяд болзошгүй алданги бий болох тэр хэсгийг балансаас салгаад төсөврүү шилжүүлсэн. Урд нь Сангийн Яам, ХБ хоёр дээр 2 төсөв явж байдаг байсан. Тэгвэл одоо төсвийг төсөвтэй нь нийлүүлээд, ХБ-ны өөрийнх нь балансийг цэвэрлээд авч үлдсэн. Ингэж 12 сарын 31-ээр ингэж баланс гаргаж чадсанаараа, олон улсын аудит оруулж, балансаа тодорхой хэмжээнд сайжруулсан хэлбэрээр олон улсад танилцуулах шалгуур үзүүлэлтүүдийг нь хангаж эхэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл 3,3 их наяд болзошгүй алдагдлыг цэвэрлэж байна гэсэн үг юм. Тэгэхээр богино хугацаанд энэ банк сэргэх бүрэн боломжтой. Дээрээс нь бид энэ хуулийг сайжруулж гаргаж өгөх нь бас их чухал. Хэрэв сая энэ тогтоолыг гаргаж өгч чадаагүй бол ХБ-ны цаашдын төсөл хөтөлбөрүүд олон улсын зах зээлээс бонд босгох бүх ажлууд нь автоматаар 1,5 жилээр хойшилно. Өөрөөр хэлбэл 2017 оны 12 сарын 31 нийг хүлээнэ, тэрний дараа аудит 3 сар хийнэ, олон нийтэд ил тод болно, 2018 оны 5,6 сар хүртэл хүлээнэ. Тэгээд тэр балансаа олон улсад танилцуулаад явахаар маш их хугацаа алдах байсан.
-Та сая яриандаа дурдлаа шүү дээ энэ тогтоолоороо цэвэрлэчихлээ гэж байна, эргээд энэ өр чинь хэний нуруун дээр ачаа болох вэ?
-Энэ төсөв балансаас балансруу шилжиж байгаа, ерөөсөө л эцсийн хариуцлага хүлээх нь анхнаасаа төсөв буюу төр байсан. Төрөөс санхүүжилттэй, ирээдүйд татвар төлөгчдөөс санхүүжих ёстой байсан. Төсвөөс санхүүжигдэх гэрээ хэлэлцээрийг бүгдийг нь Хөгжлийн банк санхүүжүүлсэн байсныг нь төсвийн балансанд суулгаж өгж байнаа гэсэн үг, тэрнээс биш төрд ачаалал нэмэгдэхгүй, тэнцлийн хувьд зөв зохистой болж ирж байна гэсэн үг.
-Хариуцлагын асуудал мэдээж яригдах байх, хуулийн төсөлдөө хариуцлагын асуудал оруулж өгсөн үү? Миний харснаар олон улсын байгууллагын хөндлөнгийн хяналт шалгалтыг тодорхой хугацаанд оруулж байна гэсэн заалт байна.
-Маш зөв асуудал хөндлөө, одоогийн байгаа хуулин дээр хяналтын бүтцийнх нь талаар маш тодорхойгүй байгаа. Уг нь бол 2011 онд анх хэлэлцэж байсан төсөл дээр бол Хөгжлийн банкны шалгуур үзүүлэлтүүд тодорхой хэмжээнийх нь хяналт шалгалтыг мэргэжлийн төв байгууллага болох төв банкнаас хийнэ гэсэн заалтууд байсан. Харамсалтай нь энэ заалтууд хуулинд орж чадаагүй. Энийг бол эргүүлж оруулж байгаа. Гэхдээ энэ Монголбанкны шалгалт нь бүхэлдээ Хөгжлийн банкийг хянахад учир дутагдалтай. Яагаад вэ гэхээр энэ нь тодорхой хэмжээний Засгийн газрын байгууллага, Засгийн газрын бодлоготой бас урт хугацааны турш уялдах ёстой, харин төв банкны хувьд макро бодлогын хувьд бас зөрчилдөх асуудлууд гарч болзошгүй, гэхдээ зөвхөн бас тодорхой хэмжээний макро түвшний шалгуур үзүүлэлтүүдээ бол ЗГ, мэргэжлийн байгууллага, Монголбанкнаас санал аваад шалгуур үзүүлэлтүүдээ тавина, дараа нь хэрхэн хангаж ажиллаж байна уу гэдэг дээр нь төв банкны зүгээс мэргэжлийн туслалцаа үзүүлэх замаар хяналт шалгалтыг жилдээ 1-с доошгүй удаа хийнэ гэсэн байгаа нь маш зөв зохицуулалт орж ирж байгаа. Мөн дээрээс нь ЗГ өөрөө бас хөндлөнгийн аудитын байгууллагуудаар болон олон улсын аудитын байгууллага, ерөнхий аудитын газар гэх мэт байгууллагуудаар тогтмол хяналт тавиулж байна, Хамгийн гол нь үр дүнг нь олон нийтэд ил тод байлгах гэсэн ийм зарчмуудыг шинэ үндсэн найруулгадаа оруулж өгч байгаа.
Тэгэхээр энэ хуулинд 5 гол үндсэн шаардлагыг оруулах практик, цаг үеийн шаардлага байнаа гэж та бүхэн харсан байна. Эндээс харж байхад ХБ-ны нөөц сан болон эрсдэлийн бусад сангийн зохицуулалт өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хуулинд бол огт тусгагдаагүй байна гэсэн асуудал байна.
Тэгэхээр энэ бол цоо шинэ зохицуулалт орж ирж байгаа юм. Энэ нь банк олон улсын түвшинд гарахад маш чухал шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл энэ банкны эцсийн хувь нийлүүлэгч болох ЗГ-аасаа далд дэмжлэг байнаа гэдгийг заавал олон нийтэд илтгэж байгаа ийм зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл банк нь ашгийн төлөө, ашгаараа энийгээ хуримтлуулаад явна, үүгээрээ нөөц сангаа бүрдүүлээд явах бөгөөд шаардлагатай тохиолдолд энэ асуудлыг хувь нийлүүлэгч буюу ЗГ дэмжлэг үзүүлнэ гэсэн зохицуулалт оруулсан байгаа. Тэгэхээр ийм зохицуулалт, заалттай байхад ийм институц нь өөрөө ОУ түвшинд гараад ОУ зах дээрээс бонд хөрөнгө босгох, бонд босгох үйл ажиллагаан дээр маш их нэмэр болдог ийм заалт юм. Өөрөөр хэлбэл бас өөрийнх бие даасан санхүүгийн хараат бус байдлийг улам чанаржуулж, дээшлүүлэхэд маш чухал заалт. Өөрөөр хэлбэл эндээс нөөц сангаас нь ямар нэгэн байдлаар татвар өөр тийш нь аваад явчихгүй, нөөц сантай байна гэдэг маань ашигтай ажиллах ёстой гэдэг зарчмыг тодруулж өгч байгаа юм. Ашигтай ажиллахын тулд төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхийн тулд шийдвэр нь өөрөө бие даасан мэргэжлийн байх ёстой, ямар нэгэн хараат, захиргаадалтын юм уу УИХ дээр баталдаг, аль нэгэн зээлийн хороотой тэнцэх шийдвэрийг ЗГ-ын хуралдаан дээр гаргаж байх жишээтэй ийм зүйл байж болохгүй гэдэг санаа давхар баталгаажиж байна гэсэн үг.
-Та бүхэн энэ хуулийн төслийг боловсруулахдаа гадны туршлагыг судалсан байх? Мэдээж энэ хууль батлагдаад, хэрэгжээд ирэхэд бол хэр сайн хууль болж вэ? гэдгийг цаг хугацаа өөрөө шүүх байх. Гэхдээ та бүхэн бол өөрсдийнхөө хэмжээнд бол сайн хууль боловсруулсан гэж харж байгаа байх л даа. Та энэ тал дээр бас мэдээлэл өгөөч. Ер нь аль аль улсуудын жишгийг харав? ямар сайн заалтыг түүж харав?
-Тэгэхээр энэ хуулиа бол сайжруулж гарж байгаа. Энэ хуулийн маань хэрэгжилт ямар байх уу, ямар үр дүн гарах нь амьдрал харуулна. Найруулга хийхэд хэд хэдэн улсын жишээ харж байгаа, ялангуяа сайн жишээнүүд гэвэл Азийн орнуудын тэргүүлэх чиглэлийн орнуудын Хөгжлийн банкнууд бол маш сайн ажилладаг, сайн рейтингтэй байдаг. Японы ХБ, Солонгосын ХБ, мөн Азийн ЗГ-ын хөрөнгө оруулалттай экспорт импортын банкнууд гэж байдаг, эдгээр банкнуудын жишээ практикийг судалсан, би өөрөө гэхэд Монголбанканд байхдаа энэ чиглэлээр нэлээд судалгаа хийж олон формуудад оролцож, энэ талын материал нэлээн цуглуулсанаа үндэслэж хуулийн шинэчилсэн найруулгад ашиглаж ажиллаа.
-Та бүхний мэдээллээс харахад ерөнхийдээ улс болгоны ХБ сайн ажилласан жишээ нь улс төрөөс хараат бус байх, бие даасан байх, олон мэргэжлийн хөндлөнгийн хяналт шалгалт байдаг байх гээд энэ асуудлууд нэлээн сайн орж өгсөн байна. Харин муу байгаа буюу одоо байгаа нийт чанаргүй зээлийн эзлэх хувь нь 50 орчим хувь байгаа улсуудын хувьд яг л ийм манай улсад үүссэн шиг асуудлууд байна гэж ийм дүгнэлт гарсан байна тийм ээ?
-Энэ тал дээр харамсалтай жишээнүүд бол Африкийн орнууд байна, Африкийн орнуудад байгуулагдсан ЗГ-ын чиглэлийн ганц ХБ гэлтгүй экспорт импортын ийм банкнууд нь хэт улс төрийн зорилготой ЗГ-ын дэргэдэх төсөл хөтөлбөрүүдийг шууд санхүүжүүлдэг ийм хэлбэрээр явчихсан учраас энэ нь одоо улс төрийнхөө мөчлөгийг дагаад банкных нь анхны концепц нь алдагдаад их хэмжээний алдагдалд орох, анхных нь зорилго улс төрийн байдлаасаа болоод алдагдаад эрсдэлд орсон жишээнүүд Африкийн талаас бол нэлээн олон байгаа.
-Хуулийн төслийг өргөн барьчихлаа, хуулиндаа хэзээнээс хэрэгжиж эхэлнэ гэж тусгасан байгаа бол?
-Тэгэхээр түрүүний хэлсэнчилэн ХБ-ыг тойрсон 3 багц асуудал явж байгаа, тогтоол нь ингээд шийдэгдлээ, одоогийн байдлаар хяналт шалгалттай холбоотой асуудлууд нь явж байна, энийг нийтэд ил тод байдаг болгох асуудал эхлээд явагдах ёстой, үүний дараа үргэлжлээд УИХ дээр хэлэлцэх асуудлууд явна.
-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг өргөн барилаа, энэ банкны хуулийн төслийн талаар тодруулья. Яагаад гэвэл гадны банк оруулж ирэх шаардлагатай гэдэгт эдийн засагчид санал нэг байна. Нөгөө талаас Монголын арилжааны банкнуудаас болгоомжлол байна, гадны банк орж ирлээ гэж бодоход арилжааны банкнуудтай өрсөлдөх юм уу? Адилхан бүтээгдэхүүн үйлчилгээ иргэдэд санал болгох юм уу? Энэ талаар та бас товч мэдээлэл өгнө үү.
-Энэ бол олон нийт нэлээн тодорхой мэдээлэл хүлээдэг сэдэв л дээ. 1990 оноос хойш бид банкны 2 шатлалтай системруу ороод төв банкны тухай хууль арилжааны банкны тухай хууль гэсэн 2 ерөнхий хуультай явж ирсэн байгаа. Манай энэ банкны тухай хууль бол маш сайн , хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт орсон, олон талын юмыг зохицуулдаг амьдрал дээр хэд хэдэн шүүлтүүрүүдийг даваад гарч ирсэн, 90 оны сүүлийн хямрал, 2008-2010 оны хямралыг даваад гараад ирсэн нэлээн олон шалгуурыг даваад гараад ирсэн шинэчлэгдсэн сайн хууль. Одоо ямар шаардлага гарч ирж байна вэ гэхээр төрөлжсөн банкнуудын нарийвчилсан зохицуулалтуудыг хийх зайлшгүй амьдралын шаардлага гарч ирж байна. Манай эдийн засаг хурдацтайгаар сүүлийн хэдэн жилүүдэд томорсон, энийг дагаад манай санхүүгийн зах зээл банкны зах зээл томорсон. Гэсэн хэдий ч бас зарим тохиолдолд хөгжилд нэмэр болох томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүлжүүлэхэд хүрэхгүй байх тохиолдол банкнуудад бас гарч ирж байна. Ийм үед бид нэгэнт тийм төсөл хөтөлбөрүүдийг гадны хөрөнгө оруулагчид сонирхож байгаа тохиолдолд энэ зохицуулалтыг нь манайх эдийн засгийнхаа өөрсдийнхөө блоконд оруулж ирээд тэрэн дээр нь одоо Хөрөнгө оруулалтын банк гэсэн банк санхүүгийн зах зээл дээр зохицуулалттай нээлттэй байж өгөөд төрөлжсөн банкийг нь нээлгээд бид өөрсдөө мөнгөний бодлогын хүрээнд хяналттай энд нь татварын төлүүлдэг, бусад банкыг дагаж орж ирдэг технологи, шинэ үйлчилгээнүүд орж ирээд манай зах зээлд ил тод ажиллаж болох боломжуудыг нь энэ хуулиар зохицуулж өгөх юм.
-Өөрөөр хэлбэл бол дотоодын арилжааны банкнуудтай өрсөлдөх үйл ажиллагаа явуулахгүй гэж ойлгож болох уу?
-Төрөлжсөн гэдэг дотроо хөрөнгө оруулалтын гэж тодотгож байгаа учраас нөгөө талаар энэ хуулиар одоо ажиллаж байгаа манай банкны санхүүгийн зах зээлийг тодорхой хэмжээнд хамгаалж өгч байгаа. Манай банкны хууль маань өөрөө нийтлэг үйлчилгээний банкны системийг зохицуулдаг, манай банкны системийн гол онцлог бол эх үүсвэр талдаа, ерөөсөө олон нийтийн хадгаламж, харилцах, аж ахуйн нэгж компаниудын харилцах гэсэн ийм эх үүсвэр дээр тогтдог, энэнийхээ төлөө өрсөлддөг ийм онцлогтой банкны зах зээл. Нөгөө талдаа зээл. Тэгэхээр энэ “Иргэдийн” гэх тодотголтой жижиг зах зээл дээр хөрөнгө оруулалтын банк ажиллахгүй.