Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа.
Гуравдугаар сарын 17-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт 17044 хүнд шинжилгээ хийснээс ковид-19 халдварын 158 тохиолдол илэрч нийт тохиолдол 4498 боллоо.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:
-Өнгөрсөн 24 цагт 81 хүн эдгэж, эмнэлгээс гарсан байна. Шинээр батлагдсан 158 тохиолдлын 149 нь Улаанбаатарт, есөн тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал, Хөвсгөл аймагт долоо, Төв аймагт хоёр тохиолдол тус тус бүртгэгдэж, нийт орон нутгийн өвчлөл 358 боллоо.
Сүүлийн үед халдварын тохиолдол нэмэгдэж, хүнд болон маш хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Эмчлүүлж байсан хүмүүсээс нэг хүн нас барсан. Тухайн хүн 89 настай эрэгтэй, ХӨСҮТ-д 24 хоног эрчимт эмчилгээ хийлгэж байгаад өчигдөр нас барсан. Халдварын нэн хүнд хэлбэрээр өвчилж, артерын дутагдал, амьсгалын нэн хүнд дутагдал зэрэг хавсарсан эмгэгтэй байсан. Амьсгалын дутагдал, зүрх судасны дутагдлаар нас барсан.