Коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг зохион байгуулж эхэллээ

2021 оны 01-р сарын 14 өдөр, 10 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
139427888_1555368707989942_1299571338161270545_o-6yda3vnmlxv2mzc96ewh1ipypl0qm45hcngt6yh5rgg

Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан өнөөдрөөс буюу 14-ний 06:00 цагаас эхлэн тус нутаг дэвсгэрт зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж, коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг зохион байгуулж байна.

  Энэ хүрээнд явуулын 34 баг, шинжилгээний хоёр цэгт Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн 500 гаруй алба хаагч ажиллаж байгаа юм.

Энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулах тус шинжилгээнд дээрх хороодын 10 мянга орчим иргэнийг хамруулах бөгөөд шинжилгээний хариу бүрэн гарсны дараа халдваргүйтгэл хийж, зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг цуцална. Энэ хугацаанд тус хороодод үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сангууд хэвийн ажиллана.

 Мөн нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвд өнөөдрөөс  эхлэн харъяалал харгалзахгүй, зөвхөн шинжилгээний цаг авсан иргэдэд үйлчилнэ.

Тиймээс шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.