Ардчилсан намаас зохион байгуулж буй “Хотынхондоо тусалъя” аяны эхний шатны хүрээнд Сүхбаатар дүүргийн хэмжээнд халдвар хамгааллын дүрмийг сайтар баримтлан ажиллаж 1074 өрхөд бэлгийн багц хүргэсэн байна. Мөн дүүргийнхээ хэмжээнд өөрсдөөсөө 4000 гаруй өрхөд нийтдээ 5000 өрхөд тусламж үзүүлжээ.
Тус аяны энэ сард хэрэгжих хоёрдугаар шатанд хөдөөгийн малчдаас ирүүлэх махыг савлаж, үндэсний үйлдвэрийн гурил гэх мэт хүнсний бүтээгдэхүүний хамтаар хүргэх бөгөөд одоогоор ямар зорилтод бүлэг, айл өрхөд хүргэх талаар судалгаагаа гаргаж байна.
Төрийн байгууллагуудаас авсан мэдээллийн санд үндэслэн нэгдүгээрт, 4-өөс дээш хүүхэдтэй 1166 өрхөд эхний ээлжид , дээр нь нэмээд ямар хүмүүст тусламжийн махыг хүргэх вэ гэдэг дээр Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллана гэж Сүхбаатар дүүргийн дэд дарга Б.Ган-Очир онцолж, “Жинхэнэ тусламж хэрэгцээтэй зорилтот өрхүүдийг олж авахад Иргэний нийгмийн байгууллагуудын дата тус болно” гэж тэрээр хэлсэн юм.
“Хотынхондоо тусалъя” 1, 2 дугаар аян хэрэгжсэнээр Сүхбаатар дүүргийн хүн амын 8 %-д тусламж хүрэх тооцоолол хийгээд байна. Мөн Ардчилсан намаас “Малчдадаа тусалъя” хариу аян өрнүүлэхээр болсон бөгөөд Сүхбаатар дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд малын нэмнээ болон бусад хэрэгцээт зүйлсийг захиалж, хийлгэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ нь цар тахлаас болж ажил, орлогогүй болсон жижиг дунд бизнес эрхлэгчдээ Ардчилсан намын зүгээс дэмжихээр зорьж байгаа юм.