МСНЭ-ээс Онцгой нөхцөлд ажиллаж буй орон нутгийн сэтгүүлчидтэйгээ цахим уулзалтыг зохион байгууллаа

2020 оны 12-р сарын 17 өдөр, 18 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
a958148e9178879e2e88dac06d55e690

МСНЭ-ээс “Цар тахлын үед орон нутгийн хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд тулгамдаж буй сорилт, бэрхшээл” сэдэвт цахим уулзалтыг бүсээр хуваан Баруун бүс / Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан/  Зүүн бүс / Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Налайх, Багануур/    Төвийн бүс / Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хөтөл/ аймгууд дахь салбар зөвлөлийн тэргүүн болон гишүүн сэтгүүлчидтэй Орон нутаг хариуцсан Дэд Ерөнхийлөгч А.Батбаяр, ажлын алба зохион байгууллаа.     Тус уулзалтыг Орон нутаг хариуцсан Дэд Ерөнхийлөгч А.Батбаяр, Гүйцэтгэх захирал Э.Болортулга нар чиглүүлж ажиллаа. Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд  цар тахалтай онцгой үед төвийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай адил шуурхай, цар тахлаас урьдчилан сэргийлэх хуулиар үүрэг болгосны дагуу хэвлэл мэдээллийн байгууллагууд Аймаг, сумын онцгой комисс болон бусад эрх бүхий байгууллагаас өгсөн сэрэмжлүүлэг, мэдээллийг үнэ төлбөргүй мэдээлж, нийтийг тэгш, хүртээмжтэй мэдээллээр хангах байр суурь, зарчмыг баримтлан ажиллаж байна гэв.

Онцгой үед ажиллаж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад нийтлэг тулгамдаж байгаа асуудал нь АОК-оос сурвалжлах хэвлэлийн тоо, цагаар хавчин хаан боогдуулж, хөл хорионы дэглэмээр халхавчлан иргэний мэдэх эрх, хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв. Мөн халдвар хамгааллын хувцасны хүртээмж, хангалт болон төсөв санхүүгийн асуудал /цалин, түрээс/ ажил олгогчид хүндрэлтэй байгааг харгалзаж Аймаг, сумын онцгой комиссуудыг дэмжиж ажиллахыг МСНЭ-ээс уриалж, уламжлахыг хүслээ.

Сүүлийн үед үүсээд байгаа хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж, албан ёсны цахим хуудастаа 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байршуулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн 13.14 “ Худал мэдээлэл тараах” заалтыг  өөрчилж, хэвлэлийн болон иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бүхий л талаар хянан цагдах, хязгаарлан боомилохоор тусгасан санаархлын эсрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарынхан дуу нэгтэйгээр тууштай тэмцэхээ мэдэгдэв.

Уулзалтаар ярилцаж тулгамдсан асуудал, санал, хүсэлтийг нэгтгэн МСНЭ-ийн Удирдах зөвлөл, Орон нутгийн удирдлагууд, Орон нутгийн онцгой комиссод хүргүүлэхээр ажиллаж байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН АЖЛЫН АЛБА

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.