Цахилгааны хэрэглээгээ өнгөрсөн үеийнхээс хэтрүүлсэн бол зөрүүг нь хэрэглэгч төлнө

2020 оны 12-р сарын 16 өдөр, 11 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
erchim

 Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар иргэн, аж ахуйн нэгжүүдийн тог, ус, хог, уур, дулааны төлбөрийг ирэх оны долоодугаар сарын 1 хүртэл төр хариуцах асуудлыг зохицуулах журмыг баталсан байна.

Цар тахлын үед иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор тог, ус, хог, уур, дулааны төлбөрийг төр хариуцах шийдвэрийг Засгийн газар энэ сарын 13-нд гаргасан. Энэ хүрээнд баталсан журамд эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд, хэрэглэгчийн эрх үүрэг зэргийг нарийвчлан зохицуулжээ.

Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдөр мэдээлэл хийхдээ, “Журамд өнгөрсөн оны мөн үеийн цахилгааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний төлбөрийг төр хариуцна. Үүнээс хэтэрсэн тохиолдолд хэрэглэгч өөрөө хариуцахаар зохицуулж байгаа. Тог, ус, хог, уур, дулааны төлбөрийг төр даах шийдвэр гаргахад хэрэглээний хэмжээ нэмэгдэнэ гэдгийг тооцож байсан. Гэхдээ хэрэглээ бидний тооцсноос хэтэрч, эрчим хүчний үйлдвэрлэл, импортоос давж байгаа. Тиймээс оргил ачааллын үе буюу 17-00-21.00 цагт аж ахуйн нэгж эрчим хүчний хэрэглээгээ 20 хүртэл хувь бууруулах, айл өрхүүд хэрэглээгээ бууруулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгч байгаа. Мөн стандартын шаардлага хангасан, галын аюулгүй байдлыг хангасан тоног төхөөрөмж хэрэглэхийг үүрэг болгож байна” гэлээ.

Тог, ус, хог, уур, дулааны төлбөрийг төр хариуцах шийдвэр гарснаас хойш иргэн, аж ахуйн нэгжүүд ашигладаггүй талбай, байраа цахилгаанаар халаах, халаалтын зориулалттай ашиглаж байгаа цахилгааны утас нь стандарт хангахгүй байх зэрэг зөрчил гаргаж байна. Энэ ачааллыг нэмж байгаа учраас тодорхой хязгаарлалт хийх шаардлага үүссэн гэдгийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх онцоллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.