Ардчилсан намаас олон улсын хүний эрхийн өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэв. Шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдад уламжиллаа.
Шаардлагад “Ерөнхий сайд та хариуцлагагүй хандаж УОК, НОК болон ЭМЯ, НЭМГ зэрэг байгууллагуудын шийдвэрийн уялдаа холбоог хангах ажлыг орхигдуулсаар ирсэнд туйлаас харамсаж байна. Мөн хот, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул байгаа нь хүний амь насаар хэмжигдэх хохирол учрууллаа” гэжээ.
Мөн дэлхий нийтээр тархсан цар тахлын энэ үед Ардчилсан нам улстөржихөөс илүү зөвлөж, хамтарч ажиллахыг эрхэм болгосон. ЭМЯ, болон УОК, НОК олон улсад амжилттай хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг амжилттай явуулж чадахгүй байна. Хатуу хөл хорионд байгаа нийт өрхийг, үйл ажиллагаа нь зогссон аж ахуй нэгжийг дэмжих оновчтой санаачилга гаргасангүй гэж үзэж дараах гурван шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлэв.
1. Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Ерөнхий сайд та өөрийн биеэр Улсын онцгой комиссоо удирдаж шат шатанд шийдвэр гаргалтыг бүрэн удирдах
2. Удаа дараа алдаа гаргаж байгаа УОК, НОК, ЭМЯ, НЭМГ-ын өнөөгийн удирдлагуудад хатуу хариуцлага тооцож, иргэдэд тайлагнах
3. Цар тахлын тархалтыг хязгаарлах бодлогоо иргэдэд нээлттэй, ил тод, судалгаатай танилцуулж, улмаар тахлын үеэр иргэдийн амьжиргааг үе шаттай дэмжих бодлого гарган хэрэгжүүлж ажиллахыг шаардаж байна.