Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

2020 оны 12-р сарын 09 өдөр, 18 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
01_facebook.00_00_55_17.Still001

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт “Даяаршил, технологийн хурдацтай хөгжлийн эрин үед үндэснийхээ түүхэн уламжлал, хэл, соёлын дархлааг хамгаалах” заалт бий.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол хэлний тухай хуулийн 9.1.3 дахь заалтаар хүлээсэн “Монгол хэл, бичиг үсгээ хэрэглэх, эзэмших, хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр зарлиг гаргах, төрийн холбогдох байгууллагад чиглэл өгөх” эрх, үүргийнхээ хүрээнд 2018 оны Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг гаргасан.

Монгол хэлний тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг Засгийн газраас батлан хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга коронавируст цар тахлын улмаас бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаад буй энэ үед үндэсний хэл, бичиг, түүх, соёл, үнэт зүйлсийн дархлааг бэхжүүлэх, үндэсний бичгийн боловсрол, хэрэглээг дэмжих, сурагчдаас гадна насанд хүрэгчдийг үндэсний бичгээ сурч, эзэмшихэд уриалах зорилгоор үндэсний бичгийн теле хичээлийг зааж эхлээд байна.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс үндэсний бичгийн цагаан толгойн үсгийн төстэй хэв шинж, махбодод үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хичээлийн агуулгыг боловсруулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн теле хичээлийг өргөн нэвтрүүлгийн телевизүүдээр нэвтрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын https://www.facebook.com/presidentMGL болон Монгол бичигтэн-2025 цахим хуудсанд байршуулна.

Нэвтрүүлгийн хуваарийг долоо хоног бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсаас үзэх боломжтой.

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ:
  • МҮОНРТВ-ээр 12 дугаар сарын 13-ны өдөр,
  • Eagle ТВ-ээр арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 20:30 цагаас,
  • UBS ТВ-ээр арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн 21:50 цагаас,
  • С1 ТВ-ээр арванхоёрдугаар сарын 09-ний өдрийн 19:40 цагаас,
  • 25 дугаар суваг телевизээр арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 16:20 цагаас,
  • ETV-ээр арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 21:30 цагаас,
  • SBN ТВ-ээр арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 19:30 цагаас,
  • Боловсрол суваг телевизээр арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 13:40 цагаас тус тус хүлээн авч үзээрэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.