Монгол Улсын Засгийн Газар, Онцгой Комиссоос Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоон ажиллаж байна. Энэ үед Монголын улаан загалмай нийгэмлэг 2020 оны 11-р сарын 11-23-ны өдрүүдэд нийт 2133 хүнсний багц, 117 ариун цэврийн багцын тусламжийг зорилтот бүлэгт хүргэж ажилласан байна. Мөн Монголын улаан загалмай нийгэмлэг болон нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн улаан загалмайн хороо хөл хорионы үед дайчлагдан ажиллах боломжтой ажилтан, сайн дурын идэвхтэн, тээврийн хэрэгсэл болон тусламжийн бараа материалын нөөцийг тодотгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Дунд шатны улаан загалмайн хороод нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд цаг алдалгүй хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай иргэдийн мэдээллийг (хүнсний талонд хамрагддаггүй, амьдралын түвшин доогуур эмзэг өрхүүдийн судалгааг) аймаг, дүүргийн Онцгой комисстой хамтран гарган ажиллаж байна. Судалгаагаар Монгол Улсад хүнсний тусламж шаардлагатай 18 000 орчим өрх байна. Энэхүү судалгаанд үндэслэн Монголын улаан загалмай нийгэмлэг дараах хүмүүнлэгийн тусламжийг үзүүлээд байна.
– Олон Улсын Улаан Загалмай Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооны Гамшгийн яаралтай тусламжийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Коронавируст цар тахлын хариу арга хэмжээ” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн эмзэг бүлгийн 1000 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ.
– Австралийн Улаан загалмай нийгэмлэгийн санхүүжилтээр Дорнод, Увс, Төв, Өмнөговь, Баян-Өлгий, Ховд, Завхан, Өвөрхангай, Хэнтий улаан загалмайгаар дамжуулан аймгийн 540 өрхөд хүнсний тусламж үзүүлэв. Улаанбаатар хотын хүүхдийн 2 асрамжийн газарт 80 кг гурил, 20 кг будаа, 12 кг гоймон, 8 кг элсэн чихэр, 4 кг давс, 4 л ургамлын тос, цайны тусламж хүргүүлэн ажиллалаа.
– Дархан-Уул аймгийн Улаан загалмай хороо, аймгийн Онцгой комисстой хамтран Монголын улаан загалмай нийгэмлэгийн санхүүжилтээр 100 өрхөд хүнсний багцын тусламж үзүүлсэн байна.
– Дархан-Уул аймгийн улаан загалмайн хорооны нөөцөөс 4-10 хүүхэдтэй 23 өрх, Хонгор сумын 20 өрх, Шарын гол сумын 20 өрх, улаан загалмайн хороонд хандаж, хүсэлт гаргасан 11 өрх, нийт 74 өрхөд хүнсний болон ариун цэврийн багц олгосон байна.
– Чингэлтэй дүүргийн улаан загалмайн дунд шатны хороо дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн хэлтэстэй хамтран орлогогүй, олон хүүхэдтэй 22 өрхөд хүнсний тусламж үзүүлсэн.
– Дорнод аймгийн улаан загалмайн дунд шатны хороо хорооны нөөцөөс 50 өрх тус бүрд будаа, гар ариутгагч, маск, лаазалсан мах, 2 тонн нүүрсний тусламж үзүүлсэн байна. Дорнод аймгийн улаан загалмайн хороо “Хүмүүнлэгийн хөдөлгөөн” аяныг санаачлан өрнүүлж, аянд “Хаан хүнс”, “Содон фарм”, “Найнги” ХХК, “Адуунчулуун” ХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагууд нэгдэж, өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр дэмжлэг үзүүлэн ажилласан байна.
– Өмнөговь аймгийн улаан загалмайн хороо зорилтот бүлгийн 30 өрх, Даланзадгад хотын захирагчийн ажлын албанд 26 ариун цэврийн багц, нийт 56 ариун цэврийн багцын хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.
– Төв аймгийн улаан загалмайн хороо өөрийн нөөцөөс 60 өрхөд ариун цэврийн багцын тусламж үзүүллэн ажилласан байна.
– Сэлэнгэ аймгийн улаан загалмайн хороо хүнсний тусламж үзүүлэхээр хандив өгсөн иргэний хүсэлтээр худалдан авалт хийж, зорилтот бүлгийн 100 өрх сонгож тусламж хүргэсэн.
– Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын газраас коронавируст халдварын голомтод ажиллаж буй алба хаагчдад 14000 гаруй амны хаалт, 8750 бээлий, 168 гар ариутгагч, 160 хамгаалалтын хувцасны дэмжлэг үзүүлсэн байна. Аймаг, дүүргийн дунд шатны хороод мөн орон нутагтаа коронавируст халдварын голомтод ажиллаж буй алба хаагчдад дэмжлэг үзүүлж ажиллалаа.
– Дархан-Уул аймгийн улаан загалмайн хороо сайн дурын идэвхтэн болон халамжлуулагч 200 хүнд 800 мянган төгрөгний утасны нэгж, орон гэргүй 35 хүнд 80ш дулаан хувцас, дотуур хувцас, оо, саван, сойз, ариун цэврийн хэрэглэлийн тусламж үзүүлсэн байна.
– Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл иргэдээс коронавируст халдварын шинжилгээ авах лабораторит Хан-Уул дүүргийн улаан загалмайн хороо 15 зөөврийн ор, 10 ширхэг гудас, 20 ширхэг хөнжил зэрэг эд материалын дэмжлэг үзүүллээ.
– Чингэлтэй дүүргийн шуурхай штабт халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд анхны тусламжийн иж бүрдэл 8 ш, гар ариутгагч гель 20 ш, эвхдэг ор 10 ш, хөнжил 10 ш хүлээлгэн өгсөн. Мөн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Замын цагдаа, Мэргэжлийн хяналтын хэлтэс, ЗДТГазар, НХХэлтэс, ТҮК-д анхны тусламжийн иж бүрдэл хандивласан байна.
– Баянгол дүүргийн улаан загалмайн хорооны нөөцөөс дүүргийн шуурхай штабт ариутгалын кварц, 2 ширхэг халуун хэмжигч, 7 хороонд тус бүр 1 ширхэг халуун хэмжигч олгожээ.
– Улаанбаатар төмөр замын гамшгаас хамгаалах штаб, УБТЗ-ын цагдаагийн хэлтэс, Сүхбаатар өртөө, Сайншанд, Чойр, Дархан, Сүхбаатар, Чойр зангилааны 820 ажилтанд дархлаа дэмжих бүтээгдэхүүн, амны хаалт, гар ариутгагч, нэг удаагийн бээлий зэргийг олгосон.
– Баянхонгор, Говь-Алтай, Архангай, Дархан-Уул, Дорнод, Өмнөговь аймгийн улаан загалмайн хороо аймгийнхаа аж ахуйн нэгж болон постуудад 24 цагаар ажиллаж буй алба хаагчдад дулаан хөнжил, гар ариутгагч, шингэн саван, нойтон салфетка, жавелион, бээлий зэрэг эд зүйлийн дэмжлэг үзүүлжээ.
– Монголын улаан загалмай нийгэмлэгээс ЕНБДГ-ын хэвлэл мэдээллийн багаас гаргасан “Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх шторк”, “ Гараа зөв угаах”, “Маскаа зөв зүүх”, “Гараа зөв угаах заавар” “Гэртээ байх” “ Дархлаагаа гэрийн нөхцөлд дэмжих” зэрэг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх шторк, постер бэлтгэж, Дунд шатны улаан загалмайн хороогоороо дамжуулан сошиалаар олон нийтэд хүргэж ажиллалаа.
– “Хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэгчдэд өгөх зөвлөмж”, “Маскаа зөв зүүх” “Гараа зөв угаах заавар”, “Гэртээ байх”, “Дархлаагаа гэрийн нөхцөлд дэмжих” зөвлөмжийг орон сууцны орц, худалдаа үйлчилгээний газрууд, хүнсний дэлгүүрүүдэд байршуулан ажиллаж байна.