Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалын дагуу үйлдвэрлэлийн бүсээ халдваргүйтэл, аюулгүйн дөрвөн хэсэгт хуваан, ажилтнуудаа зөөж тээвэрлэх зохицуулалт хэрэгжиж байна. Энэ нь ажилтнуудын төвлөрлийг сааруулах, нэг дор олноор нь бөөгнөрүүлэхгүй байх шат дараалсан арга хэмжээнүүдийн нэг нь юм.
Ингэснээр нэг автобусанд зорчих хүний тоог цөөрүүлж, хоорондын зай барих, халдваргүйтэлийн заавар дүрмийг мөрдөн автобус тутамд 30-35 ажилтан зорчих юм. Үүнтэй холбогдуулан автобусны цагийн хуваарьт өөрчлөлт оруулан, нэгдүгээр бүсийн ажилтнууд өглөө 06:20-07:05 цагуудад хоёр удаа, хоёрдугаар бүсийнхэн 07:40-08:20 цагт ажилдаа ирж, очихоор зохицуулалт хийгдсэн байна.
Дээрх дөрвөн бүс хооронд шилжиж ажиллах журам боловсруулан мөрдөхийн зэрэгцээ ажилчдын автобусанд цаг тухай бүрт нь тогтмол ариутгал хийж байна. Өнөөдрийн байдлаар, үйлдвэрлэлийн бүсэд 4411 хүн ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр нийт 6700 ажиллагсадтай бөгөөд тэдний 1684 нь төвлөрлийг сааруулах арга хэмжээний хүрээнд бага насны хүүхдээ харах, зайнаас ажиллах боломжтой гэх зэргээр тэтгэмжтэй чөлөөнд хамрагдсан ажилтнууд юм.
М.Балжинням