МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын ажлын байранд нээлттэй зарласан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа

2020 оны 11-р сарын 16 өдөр, 16 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
cfe940835efdf55e32427ffbb2442305_x3

МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН АЖЛЫН БАЙРАНД НЭЭЛТТЭЙ ЗАРЛАСАН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ ЗАР

Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хатуу хөл хорионы дэглэмийн хугацааг 14 хоногоор сунгасантай холбогдуулан МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтын хугацааг сунгаж байна.

МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэрээ дэвшүүлэхийг хүссэн иргэд материалаа халдвар ариутгалын журмыг нягт баримтлан 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 18 цаг хүртэл баталгаат шуудангаар битүүмжлэн ирүүлнэ үү.

Шуудангийн хаяг: МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлд, Баянгол дүүрэг XI хороо, Улаанбаатар хот 16061, Монгол Улс

Сонгон шалгаруулалтын журмыг МҮОНРТ-ийн www.mnb.mn сөайтын нүүр хуудсанд /2020.11.03/ байршуулсан болно.

Тодруулах асуудлаар Үндэсний зөвлөлийн Ажлын албаны 11-311821, үүрэн телефоны 94102162  дугаараар хандана уу.

МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ


МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ,
СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ТОМИЛОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

  • МҮОНРТ–ийн Ерөнхий захиралд нэр дэвшигчийг “Олон Нийтийн Радио, Телевизийн тухай хууль”-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.7, 31 дүгээр зүйлийн 31.3 заалт, Хөдөлмөрийн тухай хууль, МҮОНРТ-ийн дүрмийн холбогдох заалтуудыг үндэслэн ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох үйл ажиллагааг зохион байгуулахад энэхүү журмын зорилго оршино.
  • Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз (МҮОНРТ)-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилохдоо нийтэд ил тод, нээлттэй байх зарчмыг баримтална.
  • МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд Монгол Улсын иргэн нэрээ дэвшүүлж өрсөлдөх эрхтэй. Ерөнхий захиралд аль нэг байгууллага, хамт олон, хэсэг бүлгээс нэр дэвшүүлэхгүй.

Хоёр. Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага

  • МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшигч, сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагыг хангасан байвал зохино.

Үүнд:

  • ОНРТ-ийн тухай” хуулийн Үндсэн зарчим, зорилго, зорилт, ил тод байдлыг хангаж ажиллах чадвартай байх,
  • ОНРТ-ийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг, дадлага, туршлага, арга барил, ажил хэрэгч чанарыг хангасан байх,
  • ОНРТ-ийн хараат бус, бие даасан байдлыг хангаж, олон нийтийн төлөө өндөр хариуцлага, санаачлагатай ажиллах чадвартай байх,
  • Олон ургалч үзэл, ёс зүйн өндөр түвшинд олон улсын шилдэг туршлага, жишгээр ОНРТийг зөв бодлогоор хөгжүүлж, удирдах чадвартай байх,
  • Хэвлэл, мэдээллийн эрх чөлөө, Олон нийт, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлага, эрх ашгийг дээдлэн ажиллах чадвартай байх,
  • Ёс зүйн болон хувийн зохион байгуулалт нь ОНРТийг удирдахад харшлахгүй байх, харилцааны соёл, өөрийгөө илэрхийлэх өндөр чадвартай байх
  • МҮОНРТ–ийн өмнө тавигдсан зорилго, зорилтыг нэр төртэй хэрэгжүүлэх шаардлагыг хангахуйц, чадварлаг мэргэжлийн баг бүрдүүлж, хамт олны эв нэгдлийг хангаж, бүтээлч уур амьсгал бий болгох, ажиллагсдын хөдөлмөрлөх нөхцөл, нийгмийн асуудлыг оновчтой шийдвэрлэх, удирдан зохион байгуулах чадвартай байх,
  • МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшигч нь бусад радио, телевизийн эзэмшигч, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч этгээд бус байх

Гурав. Ерөнхий захиралд нэр дэвшигчийн шалгуур

  • Дээд боловсролтой, Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх,
  • Ял шийтгэлгүй байх,
  • Улс төрийн аль нэг намын гишүүн бус байх,
  • Хэвлэл, мэдээллийн салбар болон түүнтэй адилтгах чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан, удирдах ажлын таваас доошгүй жилийн дадлага, туршлагатай байх,
  • НҮБ-ын албан ёсны нэгээс доошгүй хэлээр мэдээлэл авах, ярианы болон бичгийн дундаж болон түүнээс дээш мэдлэг чадвартай байх,
  • Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, эрх зүйн чиглэлээр зохих мэдлэг, дадлага туршлагатай байх,
  • ОНРТийг хөгжүүлэх, нэвтрүүлэг, контентын бодлого, чанар, үр нөлөөг сайжруулах, менежмент, техник, технологийн шинэчлэлийн бодлогыг боловсронгуй болгох, хүний нөөцийн зохистой бодлого хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байх,
  • “Хөдөлмөрийн тухай” Монгол Улсын хуулийн холбогдох заалтуудад заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй байх,

Дөрөв. Ерөнхий захиралд нэр дэвшигчийн бүрдүүлэх материал

  • МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
  • Биеийн байцаалт /Төрийн албан хаагчийн маягт №1/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг хоёр хувь
  • Боловсрол, мэргэжил, зэрэг, цол, мэргэшсэн байдлын нотлох бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • ОНРТийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөр
  • Гурван үеийн намтар
  • Цагдаагийн газрын тодорхойлолт
  • Улс төрийн аль нэг намын гишүүн бус болохыг нотлох баримт бичиг
  • Байгууллагын болон хувь хүнээс өгсөн мэргэжлийн болон ажил байдлын тодорхойлолт, үнэлгээ
  • Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Санаачилсан, удирдан зохион байгуулсан ажил, туурвисан бүтээлийн жагсаалт, товч мэдээлэл
  • Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад оролцогч бүрдүүлэх материалыг битүүмжилсэн байна.

Тав. Ерөнхий захиралд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах, томилох

  • МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох журмыг сонгон шалгаруулалт явуулахаас 14 хоногийн өмнө нийтэд нээлттэй ил тод зарлана.
  • Ерөнхий захиралд нэр дэвшигчийн материалыг сонгон шалгаруулалтыг нийтэд зарласан хугацаанд Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга битүүмжлэлтэйгээр хүлээн авна.
  • Материалыг сонгон шалгаруулалт зарласнаас хойш 14 хоногийн дотор хүлээн авна. Хүлээн авах хугацаа 14 дэх өдрийн ажлын цаг буюу 18:00 цагаар тасалбар болно.
  • Ерөнхий захиралд нэр дэвшиж, сонгон шалгаруулалтад оролцогсдын материалыг Үндэсний Зөвлөлийн гишүүдээс бүрдсэн Ажлын хэсэг бүртгэн авч, энэхүү журмын дагуу шаардлага хангасан материалыг Үндэсний Зөвлөлийн хуралдаанд танилцуулна.
  • Ерөнхий захиралд нэр дэвшиж, сонгон шалгаруулалтад оролцогсодтой Үндэсний Зөвлөл танилцах ярилцлага хийнэ.
  • Ерөнхий захиралд нэр дэвшигч нэг бүрт Үндэсний Зөвлөлийн гишүүд үнэлгээ өгч, хамгийн их оноо бүхий 2 нэр дэвшигчийг Ерөнхий захирлыг сонгох нууц санал хураалтад оруулна.
  • ОНРТ-ийн тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 заалтын дагуу Үндэсний зөвлөл нууц санал хураалтаар ердийн олонхийн саналаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг томилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.