Засгийн газрын 178 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 12 дугаар тогтоолын дагуу Гадаадын иргэн, харьяатын газрын төв болон боомт, орон нутаг дахь нэгжүүд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа бөгөөд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан байгууллагын 0-12 насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцгийг ажилд ирэхгүй гэрээсээ ажиллах, зайлшгүй шаардлагатай албан хаагчдыг ээлжлэн ажиллуулах, Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрөлтэй холбоотой хүсэлт, мэдээллийг www.evisa.mn цахим хуудсаар хүлээн авч, хүсэлтийн хариуг цахим хаяг болон гар утас руу илгээх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Мөн “Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, удирдлага, мэргэжлийн арга зүйгээр хангаж ажиллах” ажлын хэсгийг байгуулж, Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын нийт 3 чиглэлээр 24 арга хэмжээ, хавсралт бүхий төлөвлөгөөг батлан шуурхай хэрэгжүүлж байна.
Байгууллагын “Гамшгаас хамгаалах шуурхай штаб”-т батлагдсан хуваарийн дагуу хариуцлагатай эргүүл, жижүүрүүд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.