Монгол Улсын Засгийн газар зургаадугаар сарын 1-нд ээлжит бусаар хуралдаж Энэтхэгт байгаа ламхай нарыг эх оронд нь авчрах асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд хүүхдүүдийг эх орондоо ирсний дараах бүх зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар болсон.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсад шавилж буй ламхай нарыг татан авах тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.06.12/08:45 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.
Бүгд найрамдах Энэтхэг улсын Брайбүн Гоман дацанд суралцдаг 10-18 насны 357 хүүхдээс хүсэлт гаргасан 178 хүүхэд тусгай үүргийн онгоцоор ирэх юм.
Энэтхэг улсаас ирж байгаа ламхай нарт ямар үйлчилгээ үзүүлэх, тэдний гэр бүлтэй нь хэрхэн ажиллах талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амараас тодрууллаа. Тэрбээр “Энэтхэгээс ирж байгаа ламхай нарыг эх орондоо ирэхэд нь тусгаарлах, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой бүх зардлыг хүүхэд хамгааллын зардлаас гаргаж, тусгаарлалтад байх хугацаанд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж ажиллах ажлыг манай агентлагаас зохион байгуулж байна. Бид тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байна. Хүүхдүүдийн хамгаалах байрны зардлаас гадна тусгаарлалтад байгаа хүүхдүүдийг хөл хорионд байх үед гурван удаа хэрэгцээт зүйлийг нь оруулж өгдөг. Манайхаас мөн энэ бүхний зардлыг гаргаж, эрүүл мэндийн болон бусад багцыг өгнө. Мөн тусгаарлалтад байгаа ламхай нарын гэр бүлтэй ажиллаж нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөөг давхар өгөхөөс гадна гэр бүлд нь үнэлгээ хийж, шаардлагатай үйлчилгээг төлөвлөн хэрэгжүүлэх болно” гэсэн юм.
Ташрамд мэдээлэхэд тусгай үүргийн онгоцоор авчирсан ламхай нарын 70 гаруй хувь нь Баянхонгор, Архангай, Завхан, Увс аймгийн харьяалалтай малчин өрхийн хүүхдүүд бөгөөд Гадаад харилцааны яамны мэдээлснээр Энэтхэг улсын Дели хотоос 2000 км зайтай газарт шавилан сууж байгаа дээрх хүүхдүүдийн байгаа газар өвчний тархалт өндөр байгаа аж.