М.ДАВААБАТ: ХАБЭА-н урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн байгууллагууд уялдаа холбоотой ажилласан нь үр дүнгээ өгч байгаа

2020 оны 05-р сарын 11 өдөр, 09 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
9xax0hxhpor82x487shgesds1

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” болж өндөрлөлөө. Энэ талаар ХАБЭМТөвийн дарга, ХАБЭА-н үндэсний хорооны гишүүн М.Даваабаттай ярилцлаа.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” арга хэмжээ улс даяар болж өндөрлөлөө. Энэ жилийн сарын аяны онцлог болоод хийж хэрэгжүүлсэн ажлын талаар ярилцлагаа эхлэе?

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран “АЖЛЫН БАЙРАН ДАХЬ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ МӨРДӨЖ АЖИЛЛАЦГААЯ” уриан дор 9 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Гэхдээ энэ жилийн хувьд дэлхий дахинд тархаж буй “COVID-19” цах тахлын улмаас бий болсон шинэ нөхцөл байдалтай уялдан сарын аяны үйл ажиллагаанд агуулгын хувьд өөрчлөлт орсон нь онцлог байлаа. Тиймээс аймаг, нийслэлийн ХАБЭА-н салбар зөвлөлүүдтэйгээ хамтран бий болсон нөхцөл байдалтай уялдуулан төлөвлөгөө гарган ажиллаж, сарын аяны арга хэмжээгээ амжилттай зохион байгуулав. Ингэхдээ олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрийг дагаж цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллээ түгээж ажиллалаа.

-Онцолж хэлбэл?

-Урин дулаан цаг ирж бүтээн байгуулалтын ажил эхлэхтэй зэрэгцэн барилга, уул уурхайн, олборлолтын салбарт үйлдвэрлэлийн осол гарах эрсдэл нэмэгдэх талтай байдаг. Тиймээс үүнтэй уялдуулж уул уурхай, ил уурхайн дүрмийг үзүүлсэн “Ил уурхайн карьерийн эрүүл ахуй аюулгүй ажиллагааны макет”–ын  төслийг боловсруулж бэлэн болгов. Мөн уул уурхайн салбарт голчлон хэрэглэгддэг техник, технологитой харьцан ажиллах аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмж, зурагт хуудсыг бэлтгэн аж ахуйн нэгжүүдэд тараах, түүнийг мөрдөн ажиллах заавар зөвлөгөөг өгч ажилласан. Түүнчлэн олон улсын стандартад нийцсэн ажлын тусгай хувцас, үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтныг хамгаалах нэг бүрийн хамгаалах хэрэгслийг таниулах, зөв хэрэглээг сурталчлах улмаар ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг таниулах танхим”-ыг  байгуулав. Ингэснээр аж ахуйн нэгжүүд стандартад нийцсэн хувцас, хэрэгслийг төрийн чиг үүргийн мэргэжлийн байгууллагаас үзэж танилцах туршлага судлах боломжтой болж байгаа юм.

Үүнээс гадна ажлын байрны доргион, гэрэлтүүлэг, тоос, дуу шуугианаас хэрхэн урьдчилан сэргийлэх, эрүүл мэндэд ямар нөлөөлөл үзүүлдэг зэрэг зөвлөгөө, мэдээллийг тусгай хөтөлбөрийн дагуу цахим сайт, өдөр тутмын сонин, телевизээр олон нийтэд түгээсэн. Дээрх яригдаж буй зүйл нь энгийн мэт боловч алсдаа тухайн ажилчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл үүсгэдэг. Сүүлийн жилүүдэд уул уурхай, олборлолтын салбарын ажиллах орчин нөхцөлөөс хамаарч ажил олгогч, ажилчид урьдчилан сэргийлэх асуудалдаа маш сайн анхаардаг болж. Харин оффис болон танхимын үйл ажиллагаатай зарим аж ахуйн нэгж байгууллагууд дээрх асуудлыг орхигдуулсан тохиолдол олон гардаг. Тиймээс ажилтан болон ажил олгогч талууд аюулгүй ажиллагааны дүрэм журмаа баримтлан үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй.

Ер нь жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг сарын аяны хүрээнд хийгддэг ажлууд маань ХАБЭА-н зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зохих нөлөө үзүүлж байна гэж харж байгаа. Түүнчлэн ХАБЭА гэдэг зүйлийг зөвхөн нэг сар яриад өнгөрөх ёсгүй. Хүн ажил хөдөлмөр эрхэлж байгаа цагт ХАБЭА-н асуудлыг байнга ярьж, сануулж, зөвлөгөө мэдээллээр хангах үүрэг нь бидэнд бий. Дашрамд хэлэхэд хөдөлмөрийн аюулгүй байдал, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж зөвлөгөөг олон нийтэд түгээн таниулахад хамтарч  ажилласан хэвлэл мэдээллийнхэндээ баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх.

-Орон нутаг дахь ХАБЭА-н салбар зөвлөлүүд цаг үеийн нөхцөл байдалтай уялдан хэрхэн ажиллаж байв?

Дэлхий нийтэд тархаж буй “COVID-19” цар тахлаас үүдэн улсын хэмжээнд олон нийтийг хамарсан уулзалт, хурал цуглааныг зохион байгуулахгүй байх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасан хэдий ч орон нутаг дахь ХАБЭА-н салбар зөвлөлүүд маань хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, тогтоомж, үндэсний хөтөлбөрийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлийн зөвлөгөө, мэдээллийг цахим болон хэвлэл мэдээллээр сурталчлах ажлаа маш сайн зохион байгуулж ажиллалаа. Тухайлбал,  Сэлэнгэ аймгийн хувьд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниудынхаа ажилчдыг жилд 2 удаа нэгдсэн журмаар урьдчилсан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулан эмчилгээнд орох шаардлагатай ажиллагсдыг эмчлүүлж, эмчилгээний зардлыг ҮОМШӨ-өөс урьдчилан сэргийлэх зардлаас зарцуулан ажилладаг болсон байна. Мөн ХАБЭА-н эрсдэл бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт, шалгалт хийх, сумдын ХАБЭА-н салбар зөвлөлийн гишүүдийнхээ мэдлэг, чадварыг дээшлүүлэх зэрэг олон ажлыг хийжээ. Үүний үр дүнд аж ахуйн нэгж, байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирч, ажилчдыг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, бусад эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил олгогч болон ажилчдын мэдлэг, ур чадвар дээшилж, үйлдвэрлэлийн осолд өртөх тохиолдол буурна хэмээн харж байгаа юм. Энэ нь цаашид  ч эрүүл аюулгүй ажлын байр олноор бий болоход эерэг нөлөө үзүүлэх юм.

“Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” шалгаруулах болзолт уралдааны энэ жилийн онцлог юу вэ. Аж ахуйн нэгж байгууллагууд хэр идэвхтэй оролцов?

-Тус уралдааныг 2011 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирлээ. Энэ хугацаанд нийт 66 аж ахуйн нэгж, байгууллага  шалгарч, шагналын эзэд болсон байдаг. Ер нь жил ирэх тусам уралдаанд оролцох байгууллагын тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Тэр хэрээр тухайн ажилчин эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөл боломж нэмэгдэж байгаа гэж ойлгож болно. Энэ жилийн хувьд цар тахалтай холбоотой онцгой байдал зарласан ч уралдааны шалгаруулалт шинэчилсэн журмын дагуу болж өндөрлөлөө. Энэхүү уралдаан нь үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачлалыг урамшуулан дэмжих, нийтийн хүртээл болгох, аюулгүй ажиллагааны зан үйл  соёлыг төлөвшүүлэх, тэдний сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

-Шинэчилсэн журамд яг ямар өөрчлөлт оров? 

-Өмнө нь “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-ыг ХНХ-ын сайдын 2014 оны тушаалаар шалгаруулдаг байсан. Ингэхдээ эрүүл мэнд, боловсрол, уул уурхай гэх мэт ямар салбар байхаас үл хамаарч төр, хувийн хэвшил гэж салгаж үзэхгүй нэг л шаардлагыг тавьж шалгаруулдаг байсан юм. Тиймээс сүүлийн гурван жилийн туршлагад үндэслэн шалгарлалтын журамд өөрчлөлт оруулсан. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 02 сарын 14-ний өдрийн  А/64 дугаар тушаалаар “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах” уралдааны журам шинэчлэгдэн батлагдлаа. Энэ  жилээс уралдаан 2 үе шаттай  зохион байгуулагдаж байна. Тэгэхээр Эрчим хүч, Уул уурхай, Зам, Барилга, төр, хувийн хэвшлээр зааглаж салбар бүрийг тусад нь шалгаруулсан гэсэн үг.

-Сүүлийн жилүүдэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс хийж хэрэгжүүлсэн томоохон ажлын талаар ярихгүй юу?

Дэлхийн чиг хандлага осол гарсны дараа бус ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэгдэж байна. Манай байгууллага мөн адил урьдчилан сэргийлэх чиглэлийн олон улсын сургалт, семинарыг санаачилж хэрэгжүүлсээр ирлээ. Онцолж хэлэхэд, 2017 онд  “Мэргэжлээс шалтгаалсан өвчний оношлогоо, урьдчилан сэргийлэлт”, 2018 онд “Асбест агуулсан бүтээгдэхүүний хэрэглээ түүний хор нөлөөллөөс сэргийлэх нь”, “Химийн хорт бодисууд тэдгээрийн нөлөөллөөр үүсэх мэргэжлээс шалтгаалсан өвчин” зэрэг олон улсын томоохон сургалтуудыг тус тус зохион байгуулаад байна. Өнгөрсөн жил буюу 2019 оны 05 дугаар сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” үндэсний чуулганыг Төрийн ордонд амжилттай зохион байгуулсан. Чуулганд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн, НББСШУБ-ын хорооны дарга Д.Оюунхорол болон ХАБЭА-н үндэсний хорооны гишүүд, салбар зөвлөлийн гишүүд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, 9 дүүрэг, хороодын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл бүхий 800 гаруй зочид, төлөөлөгчид оролцож, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний  өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлаар хэлэлцэж санал зөвлөмжөө нэгтгэж чадсан.

-Байгууллагын гадаад харилцаа хэр түвшинд явна вэ. Бусад орны хөдөлмөрийн эрүүл мэндийн байгууллагатай харилцан туршлага солилцох боломж бололцоо хэр байна вэ?

-Монгол Улсад Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг нь анх 1967 онд “Улсын мэргэжлийн өвчний диспансер” нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Олон улсын жишиг, нийгэм эдийн засгийн хөгжил, цаг үеийн шаардлагатай уялдан байгууллагын нэршил бүтэц өөрчлөгдөн зохион байгуулагдсаар ирсэн ба 2016 оноос Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны харьяа “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ” болж 4 газар 6 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Ингэхдээ Сургалт, судалгаа хамтын ажиллагааны газрыг шинээр бий болгосон. Өөрөөр хэлбэл, бусад орны хөдөлмөрийн эрүүл мэндийн байгууллагын сайн туршлагыг судлах, хамтарч ажиллах үүднээс гадаад хамтын ажиллагаандаа нэлээн өндөр ач холбогдол өгч эхэлсэн. Үүний үр дүнд БНХАУ, Солонгос, Япон, Герман, ОХУ, Франц, Турк, Нидерланд Испани, АНУ зэрэг хөдөлмөрийн эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, гадаад дотоодын олон улсын эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажилд оролцох, хамтрын зохион байгуулах ажлыг тогтмол явуулсаар ирлээ. Тодруулбал, Японы /ОУХАБ/ ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх нь”, “Амьсгалын замын өвчлөл-асбестоз, пенемокониз эрт илрүүлэл, оношлох чадварыг сайжруулах”  төслүүд 2,3 дахь шат амжилттай хэрэгжиж байна. Төслийн хүрээнд манай Мэргэжлийн өвчин судлалын газрын Дүрс оношлогооны кабинетэд “LOOKREC” алсын зайн тусгай программыг суулгаж хэрэглэж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Ингэснээр тухайн өвчтний рентген зургийг дээрх программын тусламжтайгаар Япон улсын Алсын зайн оношлогооны институт руу шууд илгээж бүрэн оношилно.  Мөн уушги тоосжих өвчин, уушгины хорт хавдар зэрэг өвчнийг эрт илрүүлэх боломж нээгдсэн нь бидний урьдчилан сэргийлэх үүрэг тодорхой хэмжээнд биелэж байна гэж харж байгаа.  Түүнчлэн дээрх орнуудын хөдөлмөрийн эрүүл мэндийн байгууллагад манай байгууллагын эмч, мэргэжилтнүүд тодорхой хугацаанд туршлага судлаад, сургалтуудад хамрагдаад явж байгаа.

-Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний өнөөгийн байдлын талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрсөн онд мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас Хөдөлмөрийн чадвар алдсан  3037 үйлчлүүлэгч манай төвийн идэвхтэй хяналтад байна. Харин 2019 онд  Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр  47 хүн  шинээр оношлогдсон бол 336 хүн үйлдвэрлэлийн осол хурц хордлогод өртсөн гэх судалгаа байгаа юм. Дээрх 336 хүн үйлдвэрлэлийн осол хурц хордлого бүртгэгдсэнийг салбараар нь авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт илүү тохиолдож байгаа юм. Сүүлийн жилүүдэд үйлдвэр, уул уурхайн газрууд ажилчидаа урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулж байгаатай холбоотой мэргэжлээс шалтгаалсан өвчний эрт илрүүлэг сайжирч, МШӨ шинээр тогтоогдох байдал нэмэгдэж байна. Энэ нь нэг талаараа эерэг гэж хэлж болно. Учир нь ямарваа нэг өвчнийг эрт илрүүлж, оношилж эрүүл мэндийг нь хамгаалж чадах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.